Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоолоо

2020 оны 07 сарын 01

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй, “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” оноштойгоор биеийн байдал хүнд, өвчтөний дүү 16 настай, эрэгтэй Цэцэг суманд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал дунд байна.

Эдгээр хүмүүсийн 1-р хавьтлын 146 хүнийг тусгаарлаж тусгаарлаж, хяналтад авсан. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж голомтыг цомхтгох арга хэмжээ авч байна.


ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.
 
Халдвар дамжих зам :

  • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
  • Агаар дусал
  • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
  • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан   мах идэх)

Нууц үе: Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног

Эмнэл зүйн хэлбэр:

  • Арьсны хэлбэр
  • Булчирхайн хэлбэр
  • Уушгины хэлбэр
  • Үжил хэлбэр
  • Гэдэсний хэлбэр
  • Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг:

  • 380-400 хэм хүрч халуурах  
  • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
  • Бүх бие булчингаар шархирч өвдөх
  • Толгой өвдөх
  • Ханиалгах
  • Цустай цэр гарах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох  
  • Бөөлжих
  • Хэвлийгээр өвдөх
  • Суулгах

Урьдчилан сэргийлэх:

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы мах идэхгүй байх
  • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
  • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
  • Нохойг байнга уяатай байлгах
  • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд  яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
  • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top