Экспорт өмнөх сараас 29.9 хувиар ӨСЛӨӨ

2020 оны 07 сарын 16

Коронавирусний тархалтаас сэргийлсэн арга хэмжээнүүд эдийн засгийн идэвхжилийг бууруулж, Монгол Улсын эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Эдийн засгийн агшилтын 2/3 нь уул уурхайн салбараас хамаарсан юм.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улс 2020 оны эхний хагас жилд нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.3 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 22.6 хувиар буурчээ. Тодруулбал:

 

  • Экспорт 1.1 тэрбум ам.доллар буюу 28.2 хувь
  • Импорт 433.7 сая ам.доллар буюу 15 хувиар тус тус буурсан байна.

 

Харин зургаадугаар сард экспорт 822.1 сая ам.доллар, импорт 467.7 сая ам.доллар болжээ. Ингэснээр  өмнөх сараас экспорт 189.4 сая ам.доллар буюу 29.9 хувиар, импорт 61.6 сая ам.доллар буюу 15.2 хувиар   тус тус өсжээ.


Сануулахад, Үндэсний статистикийн хорооноос оны  эхний улиралд 10.7 хувиар агшсан манай эдийн засаг  нүүрс, зэсийн экспортын сэргэлтийн нөлөөллөөр хоёрдугаар улирлын байдлаар дээрдэх төлөв байна уу гэдгийг тодруулахад:

“Коронавирус цар тахлын дэгдэлт болон БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны үйлдвэрлэл, экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэй хэмээн үзэж, УОК-ын шийдвэрээр зарим боомтууд ажиллаж, ачаа тээврийн үйл ажиллагаа явагдаж байна. Нүүрсний экспорт энэ  оны  хоёрдугаар  сард 356.9 мянган тонн, гуравдугаар сард 341.2 мянган тонн болтол буурч байсан бол дөрөвдүгээр  сард 997.8 мянган тонн, тавдугаар  сард 2174.6 мянган тонн болж илт сэргэсэн. Бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн болохоор эдийн засгийн агшилт нэг оронтой түвшинд орно гэж таамаглаж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top