Улсын төсөв хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн АЛДАГДАЛТАЙ байна

2020 оны 07 сарын 18

Энэ онд 11.8 их наяд төгрөгийн орлого төвлөрөх ёстой улсын төсөв хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг Үндэсний статистикийн хороо өнөөдөр мэдээллээ. 

Тодруулбал, Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ  оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 4.1 их наяд төгрөг байна.

Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 94.1 хувийг эзэлж буй аж. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн АЛДАГДАЛТАЙ  гарлаа.

Төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны зургаадугаар сард 794.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 97.7 тэрбум төгрөг буюу 14 хувиар өсжээ.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 226 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар буурчээ.

 

Улсын нэгдсэн төсвийн орлогын:

 

  •  85.8 хувийг татварын орлого
  •  8.2 хувийг татварын бус орлого
  •  5.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого
  •  0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.

 

Татварын нийт орлого 2020 оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 703.3 (15.8%) тэрбум төгрөгөөр буурахад:

 

  • Орлогын албан татвар 222.9 (19.5%) тэрбум төгрөг
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 148.2 (33.5%) тэрбум төгрөг
  • Нийгмийн даатгалын орлого 138.4 (15.0%) тэрбум төгрөг
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 96.9 (9.2%) тэрбум төгрөг
  • Онцгой албан татвар 61.9 (14.5%) тэрбум төгрөг
  • Гадаад үйл ажиллагааны орлого 27.1 (7.5%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

 

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2020 оны эхний хагас жилд 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (33.8%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Зарлагын өсөлтөд урсгал зардал 1.1 (27.5%) их наяд төгрөг, хөрөнгийн зардал 592.8 (93.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Урсгал зардалд бараа үйлчилгээний зардал 42.8 хувь, урсгал шилжүүлэг 41.3 хувь, хүүгийн зардал 8.4 хувь, татаас 7.5 хувийг эзэлж байна.

Хөрөнгийн зардалд 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1228.9 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс 592.8 (93.2%) тэрбум төгрөгөөр өсжээ.

 

Хөрөнгийн зардал өсөхөд:

 

  • Барилга, байгууламжийн зардал 293.2 (62.4%) тэрбум төгрөг
  • Бусад хөрөнгийн зардал 165.9 (2.6 дахин) тэрбум төгрөг
  • Тоног төхөөрөмжийн зардал 129.5 (6.4 дахин) тэрбум төгрөгөө
  • Их засварын зардал 0.7 (2.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.77) 2020 оны 07 сарын 17

Энэ алдагдлын талыг аль оны эхэнд төсөв тодотгосноор хэмнэх бололцоотой байлаа. Сонгуулийн хөөсөрсөн төсвийг цээжээрээ хамгаалсаар төсвийг алдагдалд оруулсан хотгор шанагачин Хүрэлбаатар хариуцлагаа хүлээ. Оны эцэс гэхэд яах юм? Алдагдал 4 трилион давах юмуу? Үүнийг өр зээл тавихаас өөрөөр яаж нөхөх юм бэ?

0  |  0
Top