Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар улиран ажиллахаасаа өмнө буюу сонгууль угтсан хагас жилийн хугацаанд төсвийг ТОДОТГОХГҮЙ гэж бараг арав шахам удаа хэлсэн. Лав л 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хэвлэлийнхний асуултад хариулахдаа “Төсөвт тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Үүнээс хойш ч хэвлэлийнхэн түүнээс "төсвөө тодотгохгүй юу" гэж удаа дараа асуусан. Сайд нөгөө л тодотгохгүй гэсэн алдарт үгээ давтсаар л байв. Гуравдугаар сарын 11-ний өдөр мэдээлэл хийхдээ “Коронавирустэй холбоотойгоор төсөвт ачаалал ирнэ, гэхдээ оны төгсгөл хавиар нөхөөд авчих байх” гэж байлаа.
Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв 2.2 их наяд төгрөгийн АЛДАГДАЛТАЙ байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Нөгөө Сангийн сайд маань харин төсвөө тодотгоно, гэхдээ шалихгүй тодотгоно гэсэн маягийн юм яриад сууж байна. Сангийн Дэд сайд асан нь ч мөн л тодотгоно гэж ярьсан. Ч.Хүрэлбаатар сайдын хэлж байсанчлан төсвийн алдагдлыг оны төгсгөл хавиар нөхөөд авчих бодит боломж гарна гэдэгт эдийн засагчид итгэхгүй байгааг тодотгоход илүүдэхгүй биз.
Товчхондоо бол Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх шаардлага байсан гэдгийг одоо тойрч ярих нь үнэндээ нэмж цаг алдсан хэрэг болж таарч байна. Оны эхний зургаан сарын байдлаар төсвийн орлого 4.1 их наяд, зарлага нь 6.3 их наяд төгрөг болж, алдагдал нь 2.2 их наяд төгрөг болоод буй. Төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөг буюу 33.8 хувиар өссөн байгаа юм. Зарлагын өсөлтөд урсгал зардал 1.1 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 592.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Тодруулбал, хөрөнгийн зардалд 1228.9 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс 93.2 хувиар өссөн үзүүлэлт байна.
Хөрөнгийн зардлын өсөлтийг задалж харвал:
Тэгэхээр эдийн засагчдын хэлж яриад байсанчлан барилга, байгууламж элдэв олон хөшөө зэрэг сонгуулийн чанартай “бүтээн байгуулалтуудаа” чичирсээр байгаад зардалдаа тусгасан хэвээрээ байсан нь ойлгогдож буй юм.
Сангийн сайд дөрвөн сарын өмнө хэлэхдээ “Төсөвт тусгасан үйл ажиллагаануудаа хэмнэлтийн горим, ач холбогдлын эрэмбээр хэрэгжүүлнэ. Тодорхой хэмжээнд хөл хориотой байгаа үед эдийн засгийн агшилт явагдаж байгаа. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахгүй. Тендерээр баригдах ёстой сургууль, цэцэрлэгээ барина. 2016 оноос хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулахаар санал санаачлагууд гаргаж ажилласан. Суурь үзүүлэлтүүд ч сайжирсан. Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нэг жил орчмын хүнд байдлыг даван туулах хэмжээнд байгаа. Төсвийн санхүүжилтийг зээл авахгүйгээр хэрэгжүүлнэ” гэж байсан.
Тэгвэл түүний хэлсэнчлэн төсвийн санхүүжилтийг эрүүл эрэмбээр хийсэн үү, үнэхээр Монголын эдийн засаг энэ оныг дуустал хүнд байдлыг даван туулах хэмжээнд байгаа юу гэдэг асуултад итгэлтэй хариулах хүн энэ улсад алга байна.
Дашрамд дурдахад, “Economist Intelligence Unit”-ийн шинэ судалгаагаар Монгол Улсын Эрсдэлийн үнэлгээг 2019 оныхоос муудан, 2016 оны сүүлийн улиралтай ижил түвшинд хүрсэн гэж үзсэн байна лээ. Монгол Улсын Өр төлөх чадавхын эрсдэл нэмэгдэж ССС үнэлгээ авсан бол Банкны салбарын эрсдэл В үнэлгээнээс буурч, ССС болжээ. Валютын ханшийн эрсдэлийн үнэлгээ B хэвээр байгаа ч, оноо нь 51-ээс 59 болсон. Эдийн засаг дахь улс төрийн эрсдэл цар тахлын нөлөөллөөс хамааран улам даамжрах эрсдэлтэй байгааг шинэ тайланд тусгажээ.
Зургаадугаар сарын байдлаар экспорт, импорт өссөн үзүүлэлттэй байгаа ч өмнөх оны мөн үеэс нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.доллароор буурчихсан байгаа. Цаашлаад цар тахлын эрсдэл өндөр хэвээрээ халдварыг дотооддоо алдахгүй гэх баталгаа байхгүй байгаа учраас экспорт, импортын өнөөдрийн өсөлт бол хөөс шиг л хэврэг эд болоод байна. Ийм хүнд үед хоёрдугаар сараас эхлээд л тэвчиж болох зардлуудаа хойш нь тавих ёстой гэдгийг зөнгөөрөө мэдэж байсан ч өчигдрийн, өнөөдрийн эрх баригчид улс орноо буруу тийш чирлээ.
Эдийн засагт коронавирусний эрсдэл өндөр байгааг бүгдээрээ мэдсээр байж улс төрийн эрсдэлээрээ давхар цохилт хийснээр эдийн засгаа элэгдсэн нь үнэн. Чухам харин тэр хүнд цохилтыг нь хэр хэмжээнд даах юм бол доо.
Сэтгэгдэл ( 1 )
Todotgood yaahvee....todorhoi shuu unah ni