“Экспортын орлого 39 хувиар тасарсан үед ханшийн тохируулга байх ёстой”

2020 оны 07 сарын 22

Төв банкны сүүлийн албан ханшаар төгрөгийн ам.доллартой харьцах ханш  2841.23  байна. Өчигдөр гадаад валютын дуудлага худалдаагаар Төв банк валютын захад 66.7 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлж, 40 сая ам.долларын своп хэлцэл байгуулжээ.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байгаа. Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ хүрээнд бодлогын ямар арга хэмжээнүүд авч байна вэ гэдэг асуултад дараах хариултыг өгч байна.

“Төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 3 хувь сулраад байна. Харин эхний зургаан сарын байдлаар юанийн эсрэг 1.8 хувиар суларсан бол рублийн эсрэг 9.1 хувь чангараад байна. Гадаад худалдааны сагсаар жигнэсэн дундаж ханш буюу бодит болон нэрлэсэн үйлчилж буй ханш оны эхнээс харгалзан 3 хувь болон 1 хувиар тус тус чангарсан байна. Тиймээс ам.долларын эсрэг 3 хувийн сулралт бол зайлшгүй байсан гэсэн үг. Нөгөө талаас экспортын орлого эхний таван сарын байдлаар 39 хувиар тасарсан үед тодорхой хэмжээний ханшийн тохируулга байх ёстой.

Энэ нь дунд хугацааны тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулахгүй байхад тустай. Энэ жилийн хувьд алт худалдан авалт их сайн байгаа. Эхний зургаан сарын байдлаар өнгөрсөн оны түвшнээс 2.5 дахин их буюу 10.8 тонн алт худалдан авсан нь валютын урсгалд том дэмжлэг болж байна. Түүнээс гадна Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд долларжилтын эсрэг зөөлнөөс нь эхлүүлээд арга хэмжээнүүдийг тасралтгүй авч байна. Тухайлбал, төгрөгийн заавал байлгах нөөцийг гадаад валютынхаас бараг хоёр дахин бага түвшинд хүргэсэн, гадаад валютын харилцахдаа хүү төлж байгаа, гадаад валютын хадгаламждаа өндөр хүү төлж байгаа банкуудын төгрөгийн ЗБН-ийн урамшууллыг хорогдуулах, зөвхөн төгрөгөөр төлбөр тооцоо хийх зэрэг арга хэмжээнүүдийг зэрэгцүүлэн аваад байна. Цаашид ч хөрвөлтийг сааруулах шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авна. Иргэд, олон нийт үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтөө илүү итгэж төв банкны бодлогыг дэмжвэл үр дүнд хурдан хүрч Төв банкны хувьд бодлогын орон зай үүсэх болно” гэв.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 24

Монгол банканд чадварлаг эх оронч эд/засагчид үнэндээ дутагдаж байна дандаа харийн бөгс долоогчид урвагчид байна.

0  |  0
Иргэн(192.82.75.115) 2020 оны 07 сарын 22

Төгрөгтөө ч их итгэдэг ш дээ. Монгол банкныхан өөрсдөө итгэдэггүй, доллар гуайд бууж өгөөд төгрөгийн ханшийг цаас болгож байгаа биз дээ. Саяхан л солонгос вон төгрөг хоёр бараг 1:1 харьцдаг байлаа. Одоо юу вэ?

1  |  0
Top