Коронавируснээс шалтгаалан эдийн засгийн идэвхжил уруудсан энэ үед банкуудад зээлийн эх үүсвэр хангалттай байж чадаж байна уу гэдэг асуулт анхаарал татаж буй. Түүнчлэн Монголбанкны зүгээс банкуудад эх үүсвэр нийлүүлэх бололцоо бий юү гэдэг асуулт тавигдаж буй юм. Тэгвэл Монголбанкнаас дараах байр суурийг илэрхийлж байна.
“Ковид-19-ийн үед банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шаардлагыг 25 хувиас 20 хувь болгож бууруулсан бөгөөд уг үзүүлэлт системийн хэмжээнд 39.7 хувьтай байна. Төв банкны санхүүжилтийн хүү 10 хувь болж, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн дийлэнхийг бүрдүүлдэг хадгаламжийн хүүнээс бага болсон. Түүнээс гадна санхүүгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагааг хадгалах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор оны эхний зургаан сарын байдлаар ХХБ-ны 500 сая ам.долларын эргэн төлөлтийг эс тооцвол Монголбанкнаас банкуудад 3.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол үүний 2.4 их наядыг репо санхүүжилтээр, 1.5 их наядыг своп хэлцлээр олгоод байна.
Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээ нь зээлдэгч талдаа дэмжлэг болохын зэрэгцээ зээл чанаргүйдсэнээс бий болох эрсдэлийн сангийн зардлын дарамтыг бууруулж байгаа нь банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээнд дэмжлэг болдог.
Энэ нь зээлийн тасалдлыг зөөлрүүлэхэд ч эерэгээр нөлөөлнө. Болзошгүй эрсдэлээс сэргийлэн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын түр зуурын хүндрэлийг шийдвэрлэх зорилготой барьцаат зээлийн нөхцөлийг өөрчлөөд мөрдүүлж эхлээд байна. Өмнө нь төв банк мөнгөний бодлого болгоомжтой хатуу төлөвтэй байсан бол одоо бодлогын төлөв илүү зөөлөрсөн, бодлогын олон арга хэмжээнүүдийг хооронд нь нийцтэй байдлаар багц маягаар авч хэрэгжүүлж байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )