Гэнэтийн гэдэг үг одоо ХУУЧИРЛАА, Сангийн сайд аа!

2020 оны 08 сарын 18

2020 оны эхний найман сарын халуун сэдэв болсон цар тахлын эрсдэл вакцин гарахаас нааш хадгалагдсан хэвээрээ байна гэдгийг хаа хаанаа л мэдэж байгаа. Хэдий тийм ч тойрч гарах биш туулж гарах бодит бэрхшээл учраас улс орнууд нөхцөл байдалд “дасан зохицож”, хямралыг сөрсөн, онцлог бүхий  бодлого, шийдвэрүүдийг гарган, урагшилцгааж байна.

Нэг ёсондоо коронавируснээс шалтгаалсан дараалсан шокуудтай тулгарах бүртээ шинэ шокийн хүчийг сулруулах арга механизмыг практикаар олж авч байна гэсэн үг л дээ. Ерөнхийдөө энэ чиглэлд улс орнууд анхаарч буй нь хилийн чинадаас наашилж байгаа мэдээллүүдээс ойлгогдож байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын төр засаг өнгөрсөн найман сарын хугацаанд коронавирусний эрсдэлээс эдийн засгаа, иргэдийн амьжиргаагаа хамгаалахын тулд бодитой шийдвэрүүдийг гаргаж чадсан уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.

 

 Нөхцөл байдал бишдээд, хөл хорио тогтоох шийдвэр гаргахтай зэрэгцэн төсвөө тодотгох хэрэгтэй гэж эдийн засагчид, судлаачид хэлж, ярьж байлаа. Сонирхолтой нь, Монголын улстөрчид 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрөөс л төсвийн тодотголыг  хэлэлцэж эхлэв.

 

Цар тахлын цохилтыг оны сүүл хүртэл даачих хэмжээний чадавх, дархлаа Монголын эдийн засагт бий, хөл хорионоос үүдсэн төсвийн алдагдлыг оны сүүлээр нөхөөд авчих байх, төсвийг тодотгохгүй гэж хэлж, ярьж байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр ӨӨР ЗҮЙЛ ярьж сууна.

Дахин сануулахад, тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр мэдээлэл хийхдээ “Коронавирустэй холбоотойгоор төсөвт ачаалал ирнэ, гэхдээ оны төгсгөл хавиар нөхөөд авчих байх”  гэж байсан.

Тэгвэл одоо Сангийн сайд төсвийн алдагдал оны сүүл гэхэд 3.8 их наяд төгрөгт хүрэх хэцүү тооцоололтой байгааг өөрийнхөө амаар, албан ёсоор хэлж сууна. Товчхондоо бол, эрх баригчид өнгөрсөн саруудад буруу бодлого барьсан нь өнөөдөр тодорхой харагдаж байна.

Засгийн газрыг, Сангийн сайдыг өнгөрсөн саруудад сайн ажилласан гэж сайшаах үндэслэл өнөөдөр үнэндээ алга.

Төсвийн тодотголыг өчигдрөөс ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс гаргасан албан мэдээллээс эшлэх нь зөв байх.

Сонгуулиар дахин ялсан МАН-аас бүрдсэн УИХ, Засгийн газар хоёрын байр суурь нэг гэдгийг сануулах нь илүүц биз. Төсвийг тодотгохгүй гэж арав гаруй удаа хэлсэн Сангийн сайдын нүүр нь эрх биш улалздаг л байлгүй гэж санаж буй учраас УИХ-ын албан мэдээллээс эшлэж байгаа хэрэг л дээ.

МэдээлэлдМонгол Улсын эдийн засаг энэ оны эхний долоон сард 9.7 хувиар агшиж, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувь, уул уурхайн экспорт 25 хувь, нийт импорт 15 хувиар тус тус буурчээ. Улмаар эхний хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр буурч, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Он дуустал байдал төдийлөн сайжрахгүй, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч, төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүссэн байна. Гэнэтийн, давагдашгүй нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна” гэжээ.

Түүнчлэн иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр авч хэрэгжүүлж буй бодлогууд гэгдэх Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө, НДШ-ийн хөнгөлөлт, ААНОАТ-ын чөлөөлөлт зэргээ дурдсан байна л даа.

Эдгээр арга хэмжээний эерэг нөлөөлөл байгаа ч эдийн засагт тулгамдсан асуудлаа сууриар нь харсан, шинэ шокийн хүчийг бууруулахад чиглэсэн ямар арга хэмжээнүүд авсан бэ гээд харахаар байхгүй байна.

Аль таван сарын өмнө төсвөө тодотгоод, тэвчиж болох зардлуудаа эрэмбэлэх байтал тэгээгүй. Сонгуульд зориулсан зардлуудаа оны эхний хагасын төсвийн хуваарьт оруулчихсан болохоор тодотгоогүй гэдэг нь ойлгогдож байгаа.

Тиймдээ ч “Ичсэн хүн хүн ална” гэдгийн үлгэрээр сонгууль дуусаад хоёр сар шахам хугацаа өнгөрч байхад төсвөө тодотгоогүй, улиг болсон хэрүүлээ хийцгээсээр л сууцгааж байна.

Сонгууль нэгэнтээ болоод дууссан учраас тодотгол нэрийн дор үзэмжээрээ л хасаж танахаар шийдсэн нь харагдаж байгаа.  Ингэхдээ  гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл нь удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 513.6 тэрбум төгрөгийн зардлыг бууруулсан тухай албан мэдээнд тодотгосон байна лээ. Сангийн сайд хэлэхдээ 119 төслийг гэрээ байгуулаагүй гэдэг шалгуураар л хассан, бусад шаардлагуудыг хангасан гэсэн байсан.

Зүй нь зардлуудыг тодотгохдоо зүгээр нэг ингээд шугам татаад хасах бус хямралт нөхцөл байдлын үед эдийн засагт нөлөөлөх байдлаар нь жигнэж үзэх хэрэгтэй юм.

Эрх баригчид ялалт байгуулснаас хойшхи хугацаанд энэ чиглэлээс нь судалгаа хийж, зардлуудаа эрэмбэлэх хугацаа байсан л баймаар. Гэвч улстөрчид ялалтын парти,  онлайн наадам, амралт, зугаалганыхаа араас өндийхгүй байсаар сая л нэг тодотгол нэртэй ээлжит бантангаа зуурах гэж байна.

Төсвийн  тодотголын нэг ач холбогдол нь төсөвт байгууллагуудын ажилчдын цалин тасалдахгүйд байгааг хэлж буй. Тэгвэл хувийн хэвшлийнхний орлого тасалдлыг багасгаж, үйл ажиллагааг нь тогтворжуулахад төсвийн энэ удаагийн тодотгол ямар хувь нэмэр оруулах юм бэ гэдгийг Засгийн газраас, Сангийн сайдаас асуумаар байна.

Коронавируснээс болсон гэнэтийн хямрал гэдэг үг чинь одоо ХУУЧИРЛАА, Сангийн сайд аа!  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yugui(122.201.31.127) 2020 оны 08 сарын 18

sangiin saidiig yah ve? hudal helseniih n toloo yah ve?.... demii shuu

0  |  0
Хаа(203.91.115.49) 2020 оны 08 сарын 18

Энэ дөрвөд нөхөр ёстой хэрэггүй .Хотгор шанагын уурхайтай шууд холбоотой.Хүрэлсүх ямар сонирхолоор энийг байлгаал байгаа нь сонин бна. Чадвар муутай нөхөр Ёрөнхийлөгч энэ ямар нөхөр вэ гэдгийг мэдээд анхнаас нь сайдад дэвшихэд нь татгалзаж бсан шүү.Хүрэлсүх л дэмжээд яваад байх үм даа эцэст нь цаг хугацааны дараа шоронд л хэмлэлдэх байх даа Хүрэлсүхээ эртхэн зайлуулаач оройтлоо шүү санаа зовж бна

0  |  0
Со ах(202.179.24.134) 2020 оны 08 сарын 18

Махан толгой Ганнамбаатар эдийн засгийн анхны мэдэгдэхүүнгүй байж яаж монголын сан хөмрөгийг сандалдаг байнаа Хүрэлсүх чи Сангийн яамаар дамжуулж хөрөнгө мөнгө завших гэсэн санаа чинь Хүрэлбаатараар дамжиж хэрэгжих бололтой. Үр лүн нь шорон гяндан шүү анхааруулчихъя.

1  |  0
Энхээ(66.181.161.115) 2020 оны 08 сарын 18

Цаг хугацаанд нь арга хэмжээ авах ёстой байсан юм. Даанч энэ нөхдүүд төрийн эрхэнд гарахын тулд худлаа мэдээлэл цацаж байгаад гарлаа даа. Гарлаа ч гэж дээ жилийн өмнөөс орнуудын толгойг эргүүлж услах ажил хийлээ дээ. Ямар ард түмэн байна тийм л засаг байна гэдэг голыг нь олоод хэлсэн юм байна даа. МАН АН болон хатуу гишүүнчлэлтэй намуудын үйл ажиллагааг зогсоогоод шинээр үүсгэн байгуулж байж л энэ төрийн тогтолцоог жаахан эрүүл болгох бололцоотой болгох боломжтой болох юм байна даа\n\n\n

1  |  0
Top