Японы эдийн засаг 1980 оноос хойших хамгийн өндөр агшилттай туллаа

2020 оны 08 сарын 20

АНУ, БНХАУ-ын дараа гуравдугаарт эрэмбэлэгдэх Японы Улсын эдийн засаг 2020 оны II улиралд алгуур сэргэж, 2020 онд 4.7 хувиар агшиж, 2021 онд 3.3 хувиар өсөхөөр төсөөлж байгааг тус улсын Төв банк долоодугаар сард мэдэгдэж байсан. Тэгвэл тус улсын Статистикийн байгууллагын тооцооллоор энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 28.7 буурчээ. Энэ бол 1980 оноос хойшх хамгийн гүнзгий уналт болоод байна. Цар тахлаас шалтгаалсан хөл хорионы улмаас аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбар уналтад орсон нь ийнхүү эдийн засгийн өндөр хувиар агшаалаа.

Азийн бусад улс орнуудад эдийн засагт сэргэлтийн шинж тэмдгүүд дараалан гарч байгаа. Гуравдугаар сар гэхэд коронавирусний тархалт өндөр байсан БНХАУ-ын ДНБ хоёрдугаар улиралд өмнөх улирлаас өсөлттэй гарсан юм.

Сануулахад, Японы Төв банк долоодугаар  сарын 15-ны өдрийн хурлаар бодлогын хүүгээ -0.1 хувьд, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийг 0 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Тус улсын ХҮИ-ээр илэрхийлэгдсэн инфляц  энэ онд 0.5 хувиар буураx бол ирэх жил 0.3 хувиар өсөхөөр байгаа гэсэн төлөвийг танилцуулсан.

Япон улс коронавирусний улмаас тогтоосон хөл хориог хугацаанаас нь өмнө цуцалсан билээ. Эдийн засгаа сэргээх арга хэмжээ цаг алдахгүй авах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргаснаа мэдэгдэж байв. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 3.4 хувиар агшсан. Шинжээчид хоёрдугаар улиралд уналт гүнзгийрч, эдийн засаг 21.5 хувиар агшина гэсэн таамаглалыг хийсний араас Япон улс хөл хориог цуцалсан ч статистикийн байгууллагын сүүлийн тооцоолол ийнхүү сөрөг гарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top