Хассан 37 төслөө буцаан нэмж, төсвөө ТОДОТГОВ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөвт тодотгол хийлээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Төсвийн байнгын хороо 2020 оны наймдугаар  сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн.

Нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэж байнгын хорооны дарга хэлсэн.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас 1 төсөл арга хэмжээг хасаж,  34 төсөл арга хэмжээнд өөрчлөлт оруулснаар нийт 12 тэрбум 731.3 сая төгрөгийг 2020 онд санхүүжих дүнгээс бууруулахаар өөрчилжээ. Харин 2020 оны төсвөөр батлагдсан боловч тодотголын төсвөөс хасагдсан 37 төсөл арга хэмжээг буцаан нэмж тусгах болон төсөлд тусгагдсан 18 төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлснээр төслийн 2020 онд санхүүжих дүнг  12 тэрбум 171 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Мөн хэрэгжих боломжийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын 4 төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөхөөр тусгажээ.

Өвөрхангай аймгийн суурь зардлыг 560.3 тэрбум төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн урсгал зардлыг 235 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын төсвийг 301.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын эргэн төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, Үндэсний аудитын газрын урсгал зардлыг 536.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын урсгал зардлыг 4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болжээ. Ийнхүү нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээс өөрчлөлгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогын 9 их наяд 730.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.2 хувь, нийт зарлагыг 14 их наяд 577.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 4 их наяд 846.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. Байнгын хороо төсвийн холбогдох хэлэлцүүлгийг хийж, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар санал, дүгнэлтдээ дурдсан.

Ийнхүү төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийсний дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсэн юм.

Дээрх хуулиудын төсөл бүрийг бүхэлд нь батлах санал хураалтыг тус бүрд нь явуулахад Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 68.2 хувь нь дэмжснээр, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 66.7 хувь нь дэмжснээр, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 61.5 хувь нь дэмжин батлав.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(70.181.124.42) 2020 оны 09 сарын 01

Ih hural utsan hyyheldeigeer dyyreg gedgee haruulj surdug hychind ygyilegdej baina daa.yaridag 10 hun gar urgun yyregtei 62 hyn.iim songolt hiijdee

0  |  0
Top