AНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани нийт таван тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаагаа зарахаар төлөвлөж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Тус компани бирж дээр хувьцаагаа дахин байршуулах тухай хэд хэдэн банктай гэрээ байгуулаад байна. Нийт таван тэрбум ам.долларын өртөг бүхий үнэт цаас зарах бөгөөд нэгж хувьцаа 480 орчим ам.доллароор үнэлэгдэж байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 455 тэрбум ам.доллар.
Блүмберг агентлагийн мэргэжилтнүүдийн тооцооллоор, өнгөрсөн арван жилд “Tesla” бирж дээр хувьцаагаа дахин байршуулах замаар 14 тэрбум ам.доллар босгожээ. Хамгийн сүүлд гэхэд тус компани өнгөрсөн хоёрдугаар сард нийт хоёр тэрбум ам.долларын хувьцаа борлуулсан байна. Тухайн үед нэгж хувьцааны үнэ 700 ам.доллар байсан бол наймдугаар сарын сүүлээр анх удаа 2000 ам.долларт хүрч байжээ.
“Tesla” компанийг тэрбумтан Илон Маск 2003 онд үүсгэн байгуулсан. Тус компани эхэндээ зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэдэг байсан бол өдгөө мөн нарны зай үйлдвэрлэж байна.
Сэтгэгдэл ( 0 )