Төгрөгийн хувь заяа ЗАСГИЙН ГАЗРЫН ГАРТ бий

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Монгол төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 2853.43 төгрөг байгаа. Он гарснаас хойш төгрөгийн ханш “ногоон”-ы эсрэг дөрөв орчим хувиар суларсан гэдгийг Төв банкнаас мэдээлж буй. Энэ нь манай улстай ижил уул уурхайд суурилсан эдийн засгуудтай харьцуулахад харьцангуй боломжийн гэж хэлж болох. Уул уурхайгаасаа дэлхийн хамгийн том баялгийн санг байгуулж чадсан Норвегийн жишээг авч үзэхэд, тус улсын мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг энэ жил 17 хувиар суларсан байгаа юм. Гэхдээ төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад дээрх шиг огцом биш ч гэсэн аажмаар суларсаар буй. Дөрвөн жилийн өмнөх буюу 2016 онд ам.долларын ханш 1960 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2800 төгрөг давсан. Ер нь бол төгрөгийн ханш ам.долларын эсрэг үргэлж л суларч ирсэн түүхтэй. Тоон статистикийг сөхвөл, төгрөгийн ханш 2006 оноос хойших 14 жилийн хугацаанаас дөрвөн жилд нь л ам.долларын эсрэг чангарч, үлдсэн хугацаанд нь жилд дунджаар 9.8 хувиар суларч байжээ. Тэгэхээр ханш талаас нь харвал, манай улсын эдийн засгийн бодлого сүүлийн 30 жилийн дөрөвт нь байгаа оносон гэж үзэж болохоор аж. Энэ бол төр, засгийн зүгээс бодлогын хувьд “халуурч” ирсний бодит тоон илэрхийлэл.   

Тэгэхээр төгрөгийн ханш яагаад байнга сулрах чиглэлтэй байна вэ. Үргэлж л өсөж байдаг валютын ханшийн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Юуны түрүүнд ханш гэж чухам юу вэ гэдэг ойлголтоо дахин санах хэрэгтэй байх. Энгийнээр бол валютын ханш гэдэг зүйлийг аливаа эдийн засгийн хувьд “халууны шил”-тэй зүйрлэж болно. Хүний биеийн байдал муудвал халуурдагтай адилаар эдийн засгийн нөхцөл байдал муудвал ханш “халуурдаг” нь чөлөөт эдийн засгийн зүй тогтол. Валютын эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан гэсэн үг. Мэдээж, хүн халуурлаа гээд халууны шилээ хагалах нь үр дүнгүй.

Түүний оронд эмнэлэгт үзүүлж, өвчнийг оношлуулж, эмчлүүлснээр халуунаа бууруулна. Эдийн засаг яг үүнтэй адил. Эдийн засаг сайжраад, хөрөнгө оруулалт нэмэгдээд, үйлдвэрлэл хөгжиж экспорт өсвөл ханш тогтвортой буюу аажмаар чангарах чиглэлтэй явах бүрэн боломжтой. Харин эсрэгээрээ эдийн засаг муудаж, экспорт буурч, хөрөнгө оруулалт татарвал төгрөгийн ханшийг “хүчтэй” байлгах талаар бодох ч хэрэггүй биз. Товчхондоо бол ам.долларын ханш өссөн учраас эдийн засаг муудаагүй, эдийн засаг муудаж буй учраас ханш өсдөг гэсэн үг. Тоон статистикаас харахад ч энэ нь нотлогдоно.

Монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2006, 2010, 2012, 2017 онуудад чангарч байсан түүхтэй. 2006, 2017 онд л гэхэд Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалт, итгэл сэргэснээр төгрөгийн ханш чангарч байсан бол 2010 онд Оюутолгойн гэрээг байгуулж, 2012 онд дэлхийн хөрөнгө оруулагчид Монгол руу шуурч байсан үед төгрөг чангарч байсан билээ. Гэвч манай улс эдийн засаг өсөлттэй, ханш чангарсан, хөрөнгө оруулагчдийн итгэл сэргэсэн жилүүдэд бий болсон орлогоо хуримтлуулж чадаагүй. Зөвхөн аль нэг намын бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх, төсвөө хэт тэлж, үрэлгэн зардал гаргасаар ирсэн бөгөөд тэр хэрээр дараагийн хямралыг “хоосон түрийвчтэй” угтаж, энд тэндээс зээл тусламж хүссээр ирсэн нь гашуун боловч үнэн юм. Энэ бүхний үр дүнд төгрөгийн ханшийн өнөөдрийн дүр төрх тогтсон. Юу үнэн, энэ үнэн. Нэг ам.доллар Монголын 2860 төгрөгтэй тэнцлээ. Энэ тийм ч сайн сайхан, бахархууштай үзүүлэлт биш. Монголын өнөөгийн эдийн засгийн бодит дүр төрх ханшийн толинд ингэж л тусгалаа олж байна.

Төгрөгийн ханшийг өөд татъя гэвэл эдийн засгийн урт хугацааны, тогтвортой, оновчтой бодлого хэрэгтэй. Уул уурхайгаас хэт хамааралтай, өнөөгийн өрөөсгөл эдийн засгийн бүтцийг засаж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, гадагшаа чиглэсэн, нэмүү өртөг бүхий экспортыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэргээр уртаас урт гэрийн даалгавар жагсааж болно. Гэхдээ хамгийн энгийн нь хэт үрэлгэн, данхар том төсвөөс зайлсхийх, төсвийн алдагдлаа бууруулах, болж өгвөл алдагдалгүй төсөв батлах, бэлэн мөнгөний, популист амлалтуудаас татгалзах учиртай. Нийт эдийн засгийнхаа бүтцийг эрс өөрчилж, сайжруулж байж л төгрөг чангарах суурь нөхцөл бүрдэнэ. Тэрнээс наана Төв банк хэчнээн тэрбумын ам.долларын валютын нөөцтэй байгаад, хэчнээн их интервэнц хийлээ гээд төгрөгийн ханшийн сулрах хандлагыг өөрчилж чадахгүй. Тийм боломж ч байхгүй.  Монгол бол үйлдвэрлэгч бус хэрэглэгч улс. Тэр тусмаа ам.доллар бус төгрөг хэвлэх эрхтэй төв банкнаас үүнийг шаардах нь бүр тэнэг хэрэг. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Төлбөрийн тэнцэл 400 гаруй сая ам.долларын ашигтай гарсан. Төсвийн алдагдал буурсан. Эдийн засагт ямар нэгэн “гажуудал” үүсгэх гэнэтийн бодлого, шийдвэр хэрэгжээгүй. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, зээлжих зэрэглэл сайжирсан, эдийн засгийн өсөлт тогтворжсон, инфляц нам дор түвшинд хадгалагдсан гээд эдийн засагт нааштай олон өөрчлөлт гарсан. Гэхдээ л төгрөгийн ханш алгуур сулрах хандлага засарсангүй. Энэ нь Монголын эдийн засгийн үндсэн суурь, дэд бүтэц төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээр байгаатай холбоотой. Тэгэхээр монгол төгрөгийн хувь заяа  цаашид ч бодлогын шийдвэр гаргагч эрх баригчдын гарт атгаатай байх нь.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baagi(158.222.170.204) 2020 оны 09 сарын 08

Bishee Olon Ulsiin Balutiin san Delhiin banknii gart baigaa geed shudragaar heleech.

0  |  0
Top