Согтууруулах ундаа буюу ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 13

Архи гэдэг зүйл түүхийн аль цаг үед ч байсаар ирсэн. Ухамсартай нэгэн нь зайгаа барьж, бүр зарим нь хөл автан өөрийгөө, өрөөлийг ч сүйдэлж орхино. Түүхийн шарласан хуудсанд түүх болон бичигдсэн үйл явдлууд бүгд архитай ямар нэгэн байдлаар холбогдсоор иржээ. Түүх гадарладаг хүмүүс архи дэлхийн түүхэнд чухал байр суурь эзэлдгийг гадарлах байх. Өнөө хэр нь архи чухал байр сууриа алдаагүй байна. Тиймгүй бол Францууд Бастиллийн өдрөөр оргилуун дарс тулгахгүй, Амщрикууд Тусгаар тогтнолын баяраараа шар айраг тулгахгүй, Монголчууд намрын дэлгэр цагт айраг ууж дэмбээдэхгүй байлаа. Доор өгүүлэх үйл явдлууд хэрэв архи гэдэг зүйл байгаагүй бол өөрөөр бичигдэх байсан байж мэдэх юм. Гэвч түүхэнд хэрвээ гэдэг зүйл байхгүй...

 

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХУВЬСГАЛЫГ ЭХЛҮҮЛСЭН ШАР АЙР

Шар айрагт дурлагсад өнөө бидний мэдэх соёл иргэншил шар айрагнаас эхэлсэн гэдгийг мэдээд баярлах нь гарцаагүй. Түүхчдийн тооцоолсноор эртний тариаланчид 10 гаруй мянган жилийн өмнөөс арвай тариалж эхэлжээ. Ихэнх судлаачид талх барихын тулд арвай тариалсан гэдэгт итгэж байлаа. Гэвч Оксфордын их сургуулийн эрдэмтэд арвай тариалах цаад шалтгаан нь шар айраг гэдэг шинэ санаа дэвшүүлжээ. Магадгүй талх байхыг үгүйсгэхгүй ч арвайг исгэж согтууруулах ундаа бий болгох нь газар тариалангийн хурдацыг нэмэгдүүлсэн гэдэгт Оксфордын их сургуулийн эрдэмтэд итгэлтэй байна.

 

ПИРАМИДЫН “ХӨДӨЛГҮҮР” БОЛСОН ШАР АЙРАГ

Дэлхийн уран барилга, хүний иргэншлийн түүхэнд Египетийн соёл иргэншил хамгийн аугаа бөгөөд дахин давтагдашгүй соёл иргэншлийн нэг байлаа. Үүнийг илтгэх мэт өнөө хэр нь пирамидууд сүрээ гайхуулсаар буй. Гэвч дэлхийн инженерийн хамгийн аунгаа энэ бүтээл шар айрагны тусламжтайгаар цогцолсон юм. Пирамид дээр ажиллаж буй ажилчдад өдөр бүр ажилласан өдрийн хөлс болгож Египетийн шар айраг өгдөг байжээ. Нэг ажилтан нэг хулсан торх шар айраг авдаг байсан гэх баримт бий. Египетийн иргэд дунд хамгийн өргөн тархсан согтууруулах ундаа бол тухайн цаг үедээ шар айраг байлаа. МЭӨ 2686-2181 оны хооронд оршин тогтносон Египетийн хуучин хаант улсад шар айрагны хэрэглээ асар өндөр байжээ.

 

АУГАА АЛЕКСАНДРЫН ХӨЛЧҮҮРХЭЛ

Тариалан бэлтгэдэг Македонын жижиг овог аймгийг Ази хүртэл хүрээгээ тэлсэн суут гүрэн болгосон Аугаа Александр газар нутгуудыг эзэлдэг шигээ архинд ч бас дуртай нэгэн байлаа. Чухам энэ л түүхийг өөрчлөх нэгэн шалтгаан болжээ. МЭӨ 330 он суут Александер хаан Ахеменидийн Перс улсыг эзлэн түрэмгийлэв. Ялалтын баяраа тэмдэглэн дарсанд хөлчүүрхснийхээ дараа жанжидтайгаа маргаан өдүүлж улмаар Персеполисыг галдан шатаах тухай санаагаа цухуйлгаж эхэлжээ. Хэдэн зууны түүхтэй аугаа Персеполис хот ердөө хэдхэн цагийн дотор түймэрт шатаж, түрэмгийлэлд нуран унасан билээ. Эртний Перс улс түүний өв соёл ийнхүү аугаа хааны хөлчүүрхэлд сүйдсэн юм. Хувь заяаны эрхээр тэр архинд хордож насан эцэслэсэн байх өндөр магадлалтай. Түүний амьсгал хураасан шалтгаан өнөө хэр нь тодорхойгүй ч олонх эрдэмтэд түүнийг хортой архинд хордож насан эцэслэсэн гэж үздэг билээ.

 

АРХИ ДЭЭР ЦОГЦОЛСОН ШАШИН

Үнэн алдартны шашин бол зүүн европын ихэнх улсуудын төрийн шашин. Гэвч энэ шашин Христийн бусад урсгалыг бодвол архидалтыг хүлээн зөвшөөрсөн гэдгээрээ онцлог. Бүр номлолдоо ч энэ талаараа дурссан байдаг. Шашны бусад урсгалыг бодвол Үнэн алдартны шашин хэзээ ч архийг хатуу хориглож байгаагүй. Бага хэрэглэх тухай бүр дурсаж ч байгаагүй. Тийм учраас Киевийн хунтайж Владимирт олон арван славянчууд баярлах хэрэгтэй байх. Олон зуун славуудыг чухамхүү ямар шашнаар барих тухай шашны мяндагтнууд, эрх баригчид олон жил хэлэлцсэн. Тухайн үед Исламын шашин ч орж ирэх магадлалтай байсан тул Владимир тэргүүн суудлаасаа “Архи уух нь оросуудын хувьд онцгой баяр баясал юм. Архигүйгээр бид энэ таашаалыг мэдэрч адахгүй” гэж мэдэгдэж байсан удаатай. Тиймээс Христийн шашны хамгийн хүчтэй урсгалын нэг нь Үнэн алдартны шашин байсаар ирсэн юм.

 

ДАЙСНУУДЫГ НӨХӨРЛҮҮЛСЭН ДАРС

Британи нутгийн улсуудаас Франц, Шотландын харилцаа 13 дугаар зууны дунд үе хүртэл ихээхэн ээдрээтэй байсан. Стратеги болон ашиг сонирхлын олон талаас дээрх хоёр үндэстэн эвлэрэх үгүй дээ л хамтын ажиллагааны гэрээ байгуулах шаардлагатай байв. Гэвч энэ хоёр найрамдах хүртэл чамгүй зам туулсан. Шотландууд найрамдах аргынхаа эхэнд Бордо дарсыг сонгосон. Тэд өөрсдийн нутагт Бордо дарсыг гайхалтай гэгч нь исгээд Француудад бэлэг барьж байлаа. Энэ нь ямба ихтэй Француудыг зөөлрүүлж байсан юм. Улмаар тэд аажмаар найрамдаж Францын армид туслалцаа үзүүлэх, Агинкуртын тулаанд хүн хүч болон зэвсгээр хангах зэргээр хамтран ажиллаж байсан юм. Үүний хариуд Франц ч сайн чанарын дарсаар хангагдаж Шотланд ч дарс эсгэх, нэрэх технологид суралцсан билээ.

 

БООЛЫН ХУДАЛДААГ БЭХЖҮҮЛЭВ

Архи, дарс боолын худалдааг бэхжүүлэх нэг том үндэс болж байжээ. Колонийн үеийн Америк оронд боолын худалдаа цэцэглэх нь чихрийн нишингийн тариалалт нэмэгдэхийн хэрээр боолын худалдаа цэцэглэж байлаа. Америкууд колоничилж байсан Британиас ром дарс болон элдэв виски исгэх технологийг бараг төгс суралцаад байв. Архи, дарс нэрэхэд чихрийн нишингэ их чухал нөлөө үзүүлж байжээ. Тиймээс аль, аль талын эрх ашгийг хангах үүднээс Шинэ Англи болон Дорно Энэтхэгийн хооронд боолын худалдааны алтан гурвалжин үүсжээ. Алтан гурвалжин гэдэг хар тивээс боолуудыг Шинэ Англид авчраад, Дорно Энэтхэгт дуудлага худалдаанд оруулаад, Колонийн Америк руу нийлүүлдэг кластерийг нэрлэж байжээ. Ургацаа алдахгүйн тулд Колонийн үеийн Америкт боолоос хэрэгтэй зүйлгүй юм.

 

ВАШИНГТОНЫГ СЭНХРҮҮЛСЭН ВИСКИНИЙ БОСЛОГО

АНУ-ын хамгийн аугаа Ерөнхийлөгч гэгдэх Жорж Вашингтоныг Засгийн эрхэнд байхад тулсан хамгийн хүчтэй сорилт бол түүхэнд “Вискиний бослого” нэрээрээ мөнхөрсөн үйл явдал байлаа. Вашингтоны засаг захиргаа виски, ром дарс, шар айраг зэрэг согтууруулах ундаанд өндөр татвар ногдуулахаар ерөнхийдөө шийдвэрлээд байлаа. Хэдийгээр муж бүр энэ асуудалд өөрөөр хандаж байсан ч Баруун Пенссильвани мужийн иргэд үүнд ихэд дургүй ханджээ. Улмаар зэвсэглэсэн 600 гаруй иргэн бослого дэгдээв. Энэ бослого яваандаа Пеннсильванийн нутгаас хальж Виржиниа, Мерилэнд, Нью Жерси мужуудад дэгдэж эхэлжээ. Бослогыг засгийн газрын цэргүүд хүчээр дарсан ч татварын бодлого буруу гэдгээ ухамсарлан Конгрессоор хэлэлцүүлсний үр дүнд татварыг үлэмж хэмжээгээр бууруулахаар болжээ.

 

ЛИНКОЛЬНЫГ ЛОНХ ДАРСААР СОЛЬСОН БИЕ ХАМГААЛАГЧ

АНУ-ын Ерөнхийлөгч нарын түүхэнд хүний гарт цаг бусаар амиа алдсан анхны Ерөнхийлөгч бол Абрахам Линкольн. Орчин цагийн АНУ-ын түүхийг өөрийн гараар бүтээсэн энэ эрхэм жүжиг үзэж байхдаа театрын суудал дээр амиа хураасан юм. Гэвч энэ түүх тэс өөрөөр бичигдэх бүрэн боломжтой байсан. Хэрэг гардаг өдөр буюу 1865 дөрөвдүгээр сарын 14-ний өдөр түүнийг Форд театрт Жон Паркер гэх бие хамгаалагч хамгаалах байлаа. Гэвч яг тэр өдрийн үд дундаас эхлэн Жон Паркер Форд театраас холгүй орших Star Saloon гэх уушийн газарт шар айраг уун хөлчүүрхэж байжээ. Мэдээж согтуу тул үүргээ биелүүлж чадахгүй гэж үзэн Ерөнхийлөгч бие хамгаалагчгүй жүжиг үзэхээр болсон байна. Хэрэв Жон Паркер архи уугаагүй байсан бол Жон Уилкис Бүүт эрхэм Ерөнхийлөгчийн амийг хороож чадах эсэх нь эргэлзээтэй.

 

ОРОСУУДЫГ ДАЙНД ЯЛАГДУУЛСАН АРХИДАЛТ

Оросууд архинд дуртайг дэлхий даяар мэднэ. Өнөөг хэр нь архины хэрэглээгээрээ дэлхий дахиныг тэргүүлж байгаа. Гэвч тэдний энэ зан томоохон дайнд ялагдах үндэс болжээ. 1904 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр эхэлсэн Орос-Японы дайнд орос цэргүүд архи хэт хэрэглэснээсээ болж шийдвэрлэх тулаануудад ялагдаж байлаа. Байлдааны ажиллагааны үеэр цэргүүд зоригоо чангалах тулд 100 гр татаж байсан нь зарим салаанд эцэсгүй үргэлжлэх архидалт болж хувирсан юм. Ямар сайндаа Хаант Орос улсын сонин бичигт архинд дуртай цэргүүдийг даруулгатай байлгахгүй бол энэ дайнд ялагдах нь гэсэн утга бүхий нийтлэл гарч байхав. Үнэхээр ч хэвлэл мэдээллийн зөгнөж байсан шиг Оросууд энэ дайнд ялагдсан. Орос гүрний хаан Николай цэргүүдийнхээ архидаж байсныг хүчтэй шүүмжилж байлаа. Тиймээс батлан хамгаалах анги нэгтгэлд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх шинэ журмыг энэ дайны дараа боловсруулсан юм.

 

БРИТАНИЙН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙГ ХҮЧИРХЭГЖҮҮЛСЭН РОМ ДАРС

Их Британийн тэнгисийн цэрэг 1600-аад оны дундаас 1900-аад оны дунд үе хүртэл гурван зууны туршид амжилт ялалт, ур чадвараараа гайхуулж байлаа. Үүний нууц нь чухамдаа ром дарс байсан гэвэл та итгэх үү. Тэгвэл итгэх л хэрэгтэй болж. Олон сар жил далайд аялах тэнгисийн цэргүүдэд өдөрт нэг лонх ром дарсны нормтой байжээ. Зүгээр л олон жил тогтсон тэнгисийн цэргийн уламжлал байсан гэж бодохоор үнэхээр гайхалтай. 1600-1700 оны хооронд цэргүүдэд ром дарс өгдөг байсан бол Адмирал Эдуард Вернон ром дарсыг цэврээр нь бус ус, лемоны шүүс, бор чихэртэй холиод коктейл маягаар өгдөг байжээ. Ром болон ром дарсны коктейлд витамин C ихээр агуулагддаг тул элдэвр төрлийн шимэгч хорхой, бактериас сэргийлэхэд тустай байсан нь ийнхүү ур чадвартай далайчин, тулаанд амжилт гаргах цэргүүдийг бий

болгосон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.100) 2020 оны 09 сарын 14

buzar ideeg mahtaad bgamuu yagad bgaan odoo tsagt xor bolson svirel

0  |  0
Bud (172.58.43.189) 2020 оны 09 сарын 14

Egyptiin haltaruud pyramidiig barisan gej itgedeg malnuud odoo baigaa gehed itgemeetgui uim.

0  |  0
Top