Трамп эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх амлалт өгөхөөс татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал эрх мэдлээ тайван замаар  шилжүүлэх амлалт өгөхөөс татгалзав гэж ВВС агентлаг мэдээлжээ.

Тэрбээр Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Эрх мэдлийг шилжүүлэхгүй, үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ. Трамп коронавирусний цар тахлын улмаас энэ жилийн сонгуулийн санал хураалтыг шуудангаар явуулах тохиолдолд сонгуулийг будлиантуулах эрсдэлтэй гэдгийг дахин илэрхийлжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденыг дэмжигчдийн олонх нь шуудангаар саналаа өгнө гэсэн бол Трампыг дэмжигчид санал хураах байранд биечлэн ирж, саналаа өгнө гэжээ. Түүнчлэн, социологийн судалгааны дүнгээс үзвэл, дэмжигчдийн тоогоор Байден тэргүүлжээ. Шуудангаар авсан саналын хуудсыг тоолоход их хугацаа авах тул санал хураалтын өдөр сонгуулийн дүн Трампын талд гарах магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Ардчилсан намынхан Трамп санал хураалтын эцсийн дүн гараагүй байхад ялалт байгуулсан тухай зарлаж магадгүй гэж сэрэмжлүүлжээ. 2016 оны сонгуульд Трампт ялагдаж байсан Хиллари Клинтон өнгөрсөн наймдугаар сард санал хураалтын эцсийн дүн гараагүй байхад ялагдлаа хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэж Байденд зөвлөсөн байна.

Трампын хэлсэн үгтэй холбогдуулан 2012 оны сонгуульд Бүгд Найрамдах намаас дэвшиж байсан Митт Ромни эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх нь ардчиллын гол үндэс гээд эс тэгвэл Беларус шиг болно гэж жиргэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top