АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын дээд шүүхийн шүүгч агсан Рут Гинзбургтэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд оролцох үеэр цугласан олны дургүйцэлтэй тулгарчээ.
Арга хэмжээнд тэргүүн хатагтай Меланиатай хамт ирсэн Трампыг цугласан олон шүгэлдэж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Үүнийг сонссон Трамп эхний хэдэн секунд нүдээ анин зогсож байснаа гайхсан байдалтай эхнэр Меланиа руу харжээ. Төд удалгүй цугласан олон нэгэн дуугаар “Түүний эсрэг санал өгөөрэй” хэмээн хашхирч эхэлжээ. Трамп хоёр орчим минут зогсож байгаад Дээд шүүхийн байр руу орсон байна.
АНУ-ын Дээд шүүхийн байранд домог болсон шүүгч агсан Гинзбургтэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр есдүгээр сарын 18-нд 88 настайдаа насан өөд болсон билээ. Ингэснээр Трампт бүрэн эрхийн хугацаандаа гурав дахь удаа АНУ-ын дээд шүүхийн шүүгчийг томилох боломж гарсан юм. Хэрэв түүний нэр дэвшүүлсэн хүнийг Сенат дэмжвэл, Дээд шүүхэд Бүгд Найрамдах нам зургаа, Ардчилсан нам гурван суудалтай болох юм.
Рут Гинзбургийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клитон нэрийг нь дэвшүүлж байжээ. Тэрээр гэрээслэлдээ дараагийн шүүгчийг ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө томилохгүй байхыг хүссэн байна. Харин Трамп ирэх бямба гарагт нэр дэвшигчийг тодруулахаар зэхэж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )