Доналд Трамп 300 сая ам.долларын өртэй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “The New York Times” сонинд түүнийг сүүлийн 10-15 жилд орлогын татвар төлөөгүй гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл гэж мэдэгджээ.

Тэрбээр татвар төлж байсныг нь илтгэх татварын мэдүүлгээ танилцуулна гэж онцолсон байна. Холбогдох албад түүний бизнесийг шалгаж байгаа тул одоогоор орлогын мэдүүлгээ танилцуулах боломжгүй гэж тодруулжээ.

“The New York Times” сонины сэтгүүлчид Доналд Трампын сүүлийн 20 жилд төлсөн татварын мэдээллийг олж авчээ. Мэдээллээс үзвэл, 2016 болон 2017 онуудад тэрбээр дөнгөж 1.5 мянган ам.долларын орлогын албан татвар төлсөн байна. Сүүлийн 15 жилийн 10-д нь огт татвар төлөөгүй гэнэ. Доналд Трамп 300 сая ам.долларын өртэй байгаад үүнийгээ ирэх дөрвөн жилд төлж барагдуулах ёстой гэнэ. Трампын гол бизнес болох гольфын хэд хэдэн талбай, Вашингтон дахь зочид буудал нь сүүлийн жилүүдэд олон арван сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж татварын тайландаа дурдсан байжээ.

Тус сонинд мэдээлснээр, Трамп 72.9 сая ам.долларын татвараа буцаан авах хүсэлт гаргасны дагуу тус улсын татварын алба шалгалт хийж байгаа аж. Тэрбээр энэ хүсэлтээ “асар их хэмжээний алдагдал хүлээсэн” гэж тайлбарласан байна. Трамп сүүлийн үед Энэтхэг, Турк, Филиппин улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийнхээ орлогоос хамаарах болсон гэж тус сонин дурджээ.  

“The New York Times” сонин үүнээс өмнө буюу 2019 онд мөн Трампын орлогын мэдүүлгийн талаар мэдээлж байв. Тухайн үед бичиж байснаар, 1985-1994 оны хооронд Трамп нийт 1.17 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь ашиггүй гэрээнүүдтэй холбоотой аж. 2016 онд мөн тус сонинд нийтэлж байсан материалаас үзвэл, 1995 оны татварын тайландаа 916 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдүүлж байжээ. Ингэснээр тэрбээр 18 хүртэлх жилийн хугацаанд холбооны татвараас хуулийн дагуу зайлсхийх боломжтой болсон гэж тус сонинд онцолж байв. Ийм хэмжээний алдагдал хүлээх болсон шалтгаан нь Атлантик Сити хотод гурван казино үр ашиггүй ажиллуулж, агаарын тээврийн салбарт бизнес эрхлэх оролдлого бүтэлгүйтэж, Манхэттэнд зочид буудлыг оновчгүй цаг үед худалдан авсантай нь холбоотой гэж тайлбарлаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top