ТОП-10-т багтсан их, дээд сургуулийн оюутнуудад дэмжлэг үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Засгийн газраас ирэх оны төсвийг  2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ.

Сангийн яамнаас ирэх оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг байх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцоолсон. Энэ нь өнгөрсөн оны анх баталсан төсвийн орлого, зарлагатай тэнцүү хэмжээнд төлөвлөсөн гэсэн үг. УИХ одоогоос жил орчмын өмнө 2020 оны төсвийг батлахдаа 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөлөөллийн улмаас өнгөрсөн наймдугаар сард дахин тодотгохдоо орлогыг 9.7 их наяд, зарлагыг 14.6 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг. Ингэснээр оны төгсгөлд төсөвт 4.8 их наяд төгрөгийн алдагдал үүсэх хүлээлттэй байгаа юм.

Онцлоход, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 93 их, дээд сургуулийг ирэх оноос хэрэгжүүлэх шинэчлэлийн хүрээнд чанараар нь эрэмбэлж, зөвхөн эхний 10 байранд орсон их дээд сургуульд суралцагчдад Боловсролын зээлийн сангаар дамжуулан зээл, тэтгэлгийг олгохоор төлөвлөжээ. 

Боловсролын зээлийн санд 49.7 тэрбум төсөвлөсөн бөгөөд оюутны хөгжлийн зээлд 24.8 тэрбум төгрөг зарцуулах аж. Мөн гадаадад суралцагсдын зээлд есөн тэрбум төгрөг, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэг өрхөөс гурван хүүхэд нь зэрэг их, дээд сургуульд суралцаж байгаа бол нэг хүүхдийн тэтгэлэгт зургаан тэрбум, сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэгт 5.9 тэрбумыг тусгасан байна. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top