32 их наядын эргэлтийн хөрөнгөтэй ТӨК-иуд төсвийн 0.5 хувийг л бүрдүүлжээ

2020 оны 10 сарын 07

Монгол Улсын хэмжээнд 500 орчим төрийн өмчит компани бүртгэлтэй аж. Тэдгээр компаниуд нийт 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй гэсэн судалгаа гарчээ.

Тэгвэл энэ 2020 онд тус компаниудын төсөвт төвлөрүүлэх орлогыг 150 тэрбум төгрөг хэмээн төлөвлөсөн байна. Энэ нь төсвийн ердөө 0.5 хувийг бүрдүүлж байгаа учир цаашид төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг хянаж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатайг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлж байна.

Тодотгоход, Монгол Улсын төрийн өмчит үйлдвэрийн газрууд хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн билээ.

Мэдээлэлд “Монгол Улс банк, санхүү, эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, тээврийн салбарт төрийн өмчит үйлдвэрийн газруудтай. Сангийн яам нь Монгол Улсын Төрийн банк, Монголын хөрөнгийн биржийг удирддаг.  “Эрдэнэс Монгол” ТӨҮГ нь Засгийн газрын уул уурхайн ихэнх хөрөнгийг эзэмшдэг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь ашигт малтмалын бус болон санхүүгийн бус хөрөнгийг удирддаг. Гэхдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүрэн жагсаалтыг гаргаж өгөөгүй” тухай  дурджээ.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдын санаа зовж буйгаар төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна. Хөрөнгө оруулагчид төрийн өмчит үйлдвэрийн газруудтай өрсөлдөх боломжтой боловч зарим тохиолдолд ил тод, тунгалаг бус зохицуулалт нь өрсөлдөөнийг хязгаарладаг.

Гадаадын болон дотоодын хувийн хөрөнгө оруулагчдын ажигласнаар Засгийн газрын зохицуулагч байгууллагууд төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаль орчны зөвшөөрөл олгох явцыг чирэгдэлгүй болгож өгөх зэргээр талтай ханддаг талаар дурдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top