Ким Жон Ун иргэдээсээ уучлал эржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын 75-жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цэргийн сүрт жагсаал дээр үг хэлэхдээ иргэдээсээ “хангалттай” сайн удирдагч байгаагүйдээ уучлал эрж, иргэдийнхээ итгэлийг амиараа хамгаална гэж амлажээ.

Тэрбээр иргэдийнхээ тэнгэр шиг том, далай шиг өргөн итгэлийг байнга хүлээж байсан ч зохих ёсоор хариулж чадаагүй тул өөрийгөө зөвтгөж чадахгүй гэж онцлоод агуу их удирдагч Ким Ир Сен, агуу их жанжин Ким Чен Ирийн агуу үйл хэргийг залгамжлан авч, улс орноо удирдах хүндхэн хариуцлага үүрч байгаа ч хүчин чармайлт, чин сэтгэл дутагдаж байгаа тул Хойд Солонгосын иргэд өдөр тутмын амьдралын хүнд ачаанаас чөлөөлөгдөж чадахгүй байна гэжээ. Ард түмний итгэл түүний хувьд нэр төрийн хэрэг юм гэж Ким Жон Ун нэмж хэлжээ.

Хойд Солонгосын удирдагч далайн хар салхинд өртсөн Хойд Солонгосын бүс нутгуудыг сэргээх, КОВИД-19 халдварыг улс орондоо нэвтрүүлэхгүйн тулд хүнд даалгавар биелүүлж байгаа Хойд Солонгосын цэргүүдээс уучлал эржээ. “Энэ хүндтэй шөнө тэдэнтэй цуг байж чадаагүйд маш их харамсаж, зүрх өвдөж байна” гэж Ким онцолсон байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ улс орондоо коронавирусний халдварын эсрэг арга хэмжээг нэг хүн шиг биелүүлсэнд иргэддээ талархал илэрхийлж, Өмнөд Солонгосын “нөхдүүддээ” цар тахлыг ялан дийлэхийг ерөөжээ. Хойд Солонгосын ард түмний эх оронч үзэл, гайхалтай сайхан чанар байгаагүй бол халдварт өвчинтэй тэмцэх хоцрогдсон тогтолцоо нь энэ аймшигт гамшгийг зогсоож чадахгүй байсан гэж онцолсон байна. Хүнд нөхцөл, гачигдал хомстлыг үл харгалзан Хойд Солонгос халдварын эсрэг хатуу арга хэмжээ авч, байгалийн гамшигтай тэмцэхээс өөр аргагүйд хүрсэн нь БНАСАУ-ын айл өрх бүрийн хувьд хүнд ачаа, зовлон болж байна. Ард иргэд намдаа үргэлж талархаж ирсэн ч талархлын үгийг сонгох ёстой улс бол Хойд Солонгосын агуу ард иргэд та бүгд юм гэж Ким Жон Ун онцлон тэмдэглэв. Тэрбээр “Өмнөд Солонгосын “хайрт” элэг нэгт нөхдүүд коронавирусний халдварыг ялан дийлж, бидэнтэй гар гараа барилцан хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмжээн илэрхийлж, “Хойд, Өмнөд хоёр дахин гар гараа барилцах тэр өдрийг ойртуулахыг хүсэж байна” гэжээ.

Ким Жон Унаас гадна цэргийн жагсаалд түүний дүү Ким Ё Жон, Төрийн зөвлөлийн орлогч дарга Пак Пон Жу, БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Чхве Рён Хэ, Ерөнхий сайд Ким Жэ Рён зэрэг албаны хүмүүс оролцжээ.

Жагсаалын үеэр Хойд Солонгос тив хоорондын шинэ баллистик пуужин, танк зэргийг үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top