Тайландын эрх баригчид сүүлийн өдрүүдэд нийслэл Бангкок хотод өрнөж буй Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалтай холбогдуулан онц байдлын дэглэм тогтоожээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, тус улсын эрх баригчид таваас дээш тооны хүн цуглах, айдас төрүүлсэн болон үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мэдээ, мэдээллийг нийтлэхийг хориглосон байна. Жагсаалын үеэр эсэргүүцлийн хөдөлгөөний удирдаж буй гэх хоёр хүнийг баривчилжээ.
Жагсагчид Тайландын Ерөнхий сайд генерал Прают Чан-Очаг огцрохыг шаардаж байгаа юм. Жагсаалыг 1973 оны аравдугаар сарын 14-нд фельдмаршал Тханом Киттиканоны цэргийн дэглэмийг унагасан Оюутны хувьсгалын 47 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ.
Сүүлийн саруудад Тайландыг нөмрөөд буй олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчид 2014-2019 оны цэргийн дэглэмийн шууд үргэлжлэл гэж үзэж буй Засгийн газрыг огцрох, Үндсэн хуулийг өөрчлөх, Тайландын хаант засаглалыг шинэчлэхийг шаардаж байгаа юм. Жагсагчдын ихэнх нь Тайландын их сургуулиудын оюутан, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, “Дарангуйллын эсрэг, ардчиллын төлөөх нэгдсэн фронт”-ын 2008-2010 оны өрнүүлсэн “улаан цамцтанууд” хөдөлгөөний оролцогчид юм.
Сэтгэгдэл ( 0 )