НИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийнэ. Хуралдааныг 11:00 цагт товлосон ба анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулан, бүлгийн дарга нараа сонгох юм.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжсэн. Мөн НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг томилох шийдвэрийг гаргасан билээ.
Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь удирдан явуулах ёстой. Үүн дагуу өнөөдрийн хуралдааныг Р.Дагва удирдан явуулах ажээ. Тэрээр 1966 оны арваннэгдүгээр сарын 3-нд төрсөн, 54 настай.
Хуульд сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг тул МАН хуулийн дагуу эрхээ эдэлнэ.
-МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИАС-
11 дүгээр зүйл. Хурлын даргыг сонгох
11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
11.2. Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.
11.3. Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.
11.4. Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.
11.5. Энэ хуулийн 11.4-т заасан нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ.
11.6. Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.
НИТХ-Д ШИНЭЭР СОНГОГДСОН 45 ТӨЛӨӨЛӨГЧ
(НИТХ-д МАН-34, АН (АН, ШИНЭН, МАХН)-8, ХҮН-3 суудал)
Сэтгэгдэл ( 0 )