Төрөөс хулгай хийгсэд хэзээ хариуцлага хүлээх вэ, Ерөнхий сайд аа!

2020 оны 11 сарын 04

Төрийн дансан дахь мөнгө хэн нэгэн юм уу, хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийнх биш гэдгийг эхлээд тодотгон хэлэх нь зөв байх. Энэ ойлголт төрийн өмчит компанийн захирал дарга нарт тун их хамаатайг өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээллүүд бэлхнээ харуулж  байна.

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрыг удирдаж буй нөхөд өөрийн хувийн эрх ашигтаа төрийн мөнгийг ичиж улайхгүй зарцуулдаг болохыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлын ажлаа өгөөд удаагүй байгаа Х.Бум-Эрдэнэ нартай холбогдох мэдээллүүд илтгэж  байна.

Эдгээр дарга нарын хувьдаа зарцуулсан мөнгийг зөвтгөж тайлбарлах гишүүд Саарал ордонд байгаа нь ч өнгөрсөн өдрүүдэд харагдав. Төрийн өмчит компани ашигтай ажилласан бол удирдлага нь ашгаасаа хүртэх л ёстой гэсэн байр суурийг нэр бүхий гишүүд илэрхийлсэн байна лээ.

Тэгвэл үүнээс өөрөөр харахад хүргэж буй нэг тоо хэлье.

Монгол Улсын хэмжээнд 500 орчим төрийн өмчит компани бүртгэлтэй. Тэдгээр компаниуд нийт 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй гэсэн судалгаа байгаа юм. Гэтэл энэ 2020 онд тус компаниудын төсөвт төвлөрүүлэх орлогыг 150 тэрбум төгрөг хэмээн төлөвлөсөн байгаа юм. Энэ нь төсвийн орлогын тун бага  хувийг бүрдүүлэх хэмжээний мөнгө л дөө.

Эргэлтийн хөрөнгө нь улсын ДНБ-тэй бараг тэнцүү шахам хэр нь төсвийн орлогын 1 хувийг ч бүрдүүлж дийлдэггүй төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд байгаа нь үнэхээр чамлалттай. Түүнчлэн цаашид төрийн гэх тодотголтой компаниудын  үйл ажиллагааг хянаж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ёстой гэдгийг Б.Жавхлан нарын гишүүд хэлж буй юм.

Тодотгоход, Монгол Улсын төрийн өмчит үйлдвэрийн газрууд хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэж байсан. Үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргадаг хэр нь өөрсдөө дорвитой үр ашигтай ажиллаж чадахгүй хэр нь дарга захирлууд нь хэдэн арван саяар нь хувь хэрэгцээгээ төрийн мөнгөнөөс хангаад байгаа энэ хариуцлагагүй, ёс зүйгүй байдлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарч, харж байгаа гэж найдаж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас сэтгүүлчид төрийн өмчит компанийн захирлуудтай холбоотой асуудлаар байр суурийг нь  асуухад:

-Энэ бол ямар ч тохиолдолд буруу үйлдэл. Миний байр суурь гэвэл ийм байна. Би томилгоонд оролцдог хүн биш. Төрийн өмчит компаниудыг Төрийн өмчийн хороо хариуцаж байгаа шүү дээ. Тиймээс Төрийн өмчийн хорооноос хэвлэлийнхэн сайн тодруулаач гэж хэлмээр байна. Өмнөх, одоогийн удирдлагууд нь хоорондоо уялдаатай, уламжлагдаад үйл ажиллагаагаа явуулж байх учиртай. Тэгэхээр Төрийн өмчийн хорооноос маш сайн тодруулаарай. Түүнээс би яриад байх зохимжгүй. Тохирох албан тушаалтан нь хариуцсан ажлаа ярих нь зөв байх” гэсэн байна лээ.

Тэгэхээр төрийн өмчит компаниудыг хариуцаж байгаа Төрийн өмчийн хорооны асуудлыг хариуцах эрх бүхий албан тушаалтан нь Ерөнхий сайд учраас У.Хүрэлсүх Та олон жил дараалан амнаасаа унагаж буй хариуцлага, ёс зүйгээ төрийн өмчит компанийн захирлуудаас нэхмээр байна. Өнөөдрийн эрх баригчид, тэр дундаа Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Та төрийн албанд ажиллагсад хариуцлагатай, сахилгатай, ёс зүйтэй байхыг байнга сануулдаг гэдгийг чинь танд өөрт тань сануулъя.

Цар тахлаас шалтгаалан улсын төсвийн орлого их хэмжээгээр дутаж байхад төсөвтөө хэдэн төгрөг нэмэрлэх гээд зүтгэж байх ёстой төрийн өмчит компанийн захирлууд тань төрийн мөнгөөр ичихгүй тансаглаж байгааг анхааралдаа авна уу!

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.19.44) 2020 оны 11 сарын 04

Буцааж телуулээд л байвал авахаа байна л даа даан ч дээдэс нь хусдэггуй бололтой ард тумний л татварын менге шуу дээ

0  |  0
Irgen.(70.181.124.42) 2020 оны 11 сарын 04

Hyrelsyh said maani amlaltaasaa am I ert bucaaj shyydee.ard olnoo huursan.odoo goridoh hereggyi.erunhiilugch Battulga maani harin we hyn shig helseneer huurch manantai temclee yrgeljlyyleh baina.

0  |  0
Зочин(66.181.161.96) 2020 оны 11 сарын 04

Бүгдээрээ баяжицгаа

0  |  0
Top