Мөнгөний бодлого Төсвийн бодлогоос өөр

2020 оны 11 сарын 07

Төрөөс 2021 онд баримтлах “Мөнгөний бодлого”-ыг энэ долоо хоногт УИХ-аас баталлаа.

Пүрэв гаригийн чуулганы хуралдаанд 55 гишүүн оролцсоноос 34 гишүүн дэмжиж, 21 гишүүн татгалзаж, 61.8 хувийн саналаар батлав. Мөнгөний бодлогыг батлахаас өмнө гишүүд  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс валютын ханш, мөнгөний нийлүүлэлт,  инфляцтай холбоотой асуултыг асуусан. Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Мөнгөний нийлүүлэлт огцом өссөн гэж зарим гишүүд ярьж байна. Тийм юм байхгүй. Эдийн засгийн нөхцөл байдалтайгаа нийцтэй явж байгаа гэв. Мөн “Сүүлийн жилүүдийн хандлагаар төгрөг валютын эсрэг тогтвортой байгаа. Энэ оны тухайд оны эхнээс төгрөг 4.3 хувиар суларсан, өнгөрсөн онд 4.7 хувиар суларсан. Төлбөрийн тэнцэл  400 сая ам.долларын алдагдалтай байна. Ирэх онд 500 сая ам.долларын ашигтай байхаар тооцож байгаа” гэв.

Мөнгөний бодлогыг боловсруулахдаа Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд зургаан хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахаар тусгасан байна. Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн гурван жилд зорилтот найман хувийн түвшинд тогтвортой хадгалагдсан аж. Үүний зэрэгцээ макро зохистой бодлогыг цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байлгах зорилгоор мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэхээр болжээ. Төв банк санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулах, банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ гэдгийг Төв банкны ерөнхийлөгч онцоллоо. Мөн тэрээр Төв банкны Мөнгөний бодлого тогтвортой байхыг зорьдог. Зүй нь зорилго тодорхой байхад бодлого тодорхой, тогтвортой байх ёстой байдаг.

Мөнгөний бодлого Төсвийн бодлогоос өөр. Тиймээс зарчмын өөрчлөлт бага байдаг. Таван жил, нэг жилийн өмнөхөөс Төрийн мөнгөний бодлогод багахан хэмжээний л өөрчлөлт орж байдаг. Төрийн Мөнгөний бодлого гурван агуулгыг барьдаг. Макро эдийн засгийн тогтвортой байдал, манай тухайд санхүүгийн салбарын 90 гаруй хувийг бүрдүүлж буй банкны салбар, хууль эрх зүйн орчин, санхүүгийн салбарын дэд бүтцийг яаж хөгжүүлэх вэ гэсэн гурван бүлэг заалтад агуулгаа багтаадаг. Ирэх онд Төрөөс баримтлах Мөнгөний бодлогыг тодорхойлохын тулд тухайн жилийнхээ суурь нөхцөл байдалд тулгуурлаж  тооцдог. Манай улс нэгдүгээр  сарын 27-ноос хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүх л шийдвэрүүд коронавирустэй холбоотой гарсан. Мөнгөний бодлогын хороо хуулиараа дөрвөн удаа хуралдах ёстой. Цар тахалтай холбоотойгоор ээлжит бусаар нэмж хоёр удаа  хуралдаж, шийдвэр гаргаад байна. Мөнгөний бодлогыг зөөлрүүлсэн шийдвэр гаргаж байгаа. Төсвийн алдагдал таван хувь байсныг тодотголоор 12 хувь болгосон. Мөнгөний бодлого төсвийн бодлоготой нийцтэй явах ёстой гэдэг үүднээс хатуурах ёстой. Гэхдээ коронавирусний нөхцөл байдлын үүднээс мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь зөв гэж үзсэн шийдвэрүүд гарсан. Мөнгөний бодлогын хороо 14 хоногийн зайтай хоёр удаа хуралдаж, бодлогын хүүг тус бүр нэг нэгж хувиар бууруулсан. Дараа нь есдүгээр сарын хурлаар нэг нэгж хувиар буулгаж, найман хувьд хүргэсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top