ГАДНЫН ХЭВЛЭЛД | Монгол Улс КОВИД-19 вирус ДОТООДДОО алдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Монголчууд бид коронавируст цар тахлыг 10 сарын хугацаанд дотооддоо тогтоон барьж байсны эцэст ийнхүү алдлаа.

“Алтанбулаг" боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч, 29 настай иргэнээс коронавирус илрэв. Түүний ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлан шинжилгээ авахад хадам ээж болон дүүгээс нь коронавируст халдвар илрэв.

Монгол Улсад коронавируст халдвар нийтийн дунд тархсан тухай Францын AFP агентлаг, Туркийн Anadolu агентлагь Сингапурын CNA агентлаг болон Straits Times сонин, Английн Reuters, Канадын Financial Post сонинд мэдээлжээ.


Reuters: Монгол Улсад анх удаа “КОВИД-19” халдвар дотоодод тархлаа

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр коронавируст халдвар тус улсад дотоодод тархсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “ОХУ-аас орж ирээд 21 хоног тусгаарлагдсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч улмаар эхнэрийнх нь хамт тусгаарлалаа. Ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарласан” гэж хэлсэн юм.

Халдвар тээгч мөн урлагийн тоглолт үзсэн учраас тухайн тоглолтыг үзсэн хүмүүст шинжилгээ хийхээр болжээ.

Тус улсын засаг захиргаа нийслэл Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоож, бүх шатны сургуулиудыг хаагаад байна.

Монгол Улсад халдвар тархах эрсдэл өндөр байсан учраас нэгдүгээр сараас эхлэн Хятадтай хиллэдэг өмнөд хилээ хаасан юм.

Тус улсад одоогийн байдлаар коронавируст халдварын 382 тохиолдол бүртгэгдэж, нэг ч хүн эндээгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын ерөнхий захирал өөрийн твиттер хуудаснаа Монгол Улсын хэрэгжүүлж буй үйл хэргийг сайшааж “Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд батлагдсан зөвлөмжийг дагаж мөрдвөл вирусний тархалыг хэрхэн бууруулж болдогыг бидэнд харуулж байна” гэж жиргэж байсан юм.

AFP: Монголд коронавируст халдвар дотооддоо тархсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Монгол Улсад гурван долоо хоног  тусгаарлалтад байсан ачаа тээврийн жолооч болон халдвар тээгчийн ойрын хүрээллийн хоёр хүнээс коронавируст халдвар илэрлээ.

Ингэснээр тус улсын дотоодод халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол болж байна.

Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй энэ улсад өнөөг хүртэл 376 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд саяхныг болтол бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд эзэлж байлаа.

Хилийн чанадад гацсан иргэдээ ч хатуу хяналт дор тусгай нислэгээр татан авчирч байлаа. Гэвч өнгөрсөн сард ОХУ-аас Улаанбаатарт ирсэн ачаа тээврийн жолооч тус улсын журамд зааснны дагуу гурван долоо хоног тусгаарлалтад байсан ч тусгаарлалтаас гарсан даруйдаа хамтны өөр бусад хоёр хүнд халдвар тараасныг Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Түүнчлэн тухайн халдвар тээгч урлагийн тоглолт үзсэн бөгөөд тоглолтыг 3000 хүн оролцсон болох нь тогтоогдсон байна. Ийнхүү тухайн тоглолт үзсэн хүмүүсийг шинжилгээ өгөхийг улс орон даяар уриаллаа.

Нийслэл Улаанбаатар хотод гурав хоног зорчих хөдөлгөөн хааж, бүх шатны боловсролын байгууллагуудыг ч гурав хоног хаасан нь ард нийтийг сандруулаад байна.

Anadolu: Монгол Улсын нийслэлд халдвар дэгдэж хөл хорио тогтоолоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод коронавируст халдвар дотооддоо халдварласны улмаас хөл хорио тогтоосон тухай тус улсын хэвлэлүүд мэдээллээ.

Халдвар тээгч нь 21 хоногийн тусгаарлалтаас гараад байсан ачаа тээврийн жолооч бөгөөд гэрийн тусгаарлалтад байх үедээ ийнхүү халдвар тараажээ. Түүнээс гадна эхнэр, гэр бүлийн хүрээний хоёр хүнд мөн адил халдвар илэрсэн байна.

Тус улсын Засгийн газраас халдвар тараасан хосын зорчсон өгүүлэмжийг тогтоох ажлыг эхлүүлжээ.

Монцамэ агентлагийн мэдээлж буйгаар гурав хоног үргэлжлэх хөл хорионы үеэр олон нийтийг хамарсан үйл ажиллгаа явуулахыг хориглож, бүх шатны боловсролын байгууллагыг хаах аж. Түүнчлэн гурав хоногийн хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгсэл, галт тэргийн хөдөлгөөнийг зогсоожээ.

Ялангуяа ОХУ-тай хиллэдэг Алтанбулгийн боомтод нөхцөл байдал амаргүй байгаа тул энэ сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл боомтыг хаасан байна.

Зөвхөн Алтанбулгийн боомтоос гадна Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав, Боршоогийн боомтуудыг ч энэ хугацаанд хаана.

Энэ сарын 11-ний өдрөөс хойш бүртгэгдсэн тохиолдлуудаас нийтдээ 40 тохиолдол нь Алтанбулгийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч эзэлж байна.


 

Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайлбал Сингапурын CNA агентлаг, The Straits Times сонин, Канадын Financial Post сонинууд Reuters агентлагийн мэдээллийг эш татан мэдээлжээ. Түүнчлэн Британийн The Guardian сонин AFP агентлагийн мэдээллийг эш татсан байна.

 

 

 

 

 

Top