Шинэ төрлийн коронавирусний цар тахлын үед амьдрахад хамгийн өртөг өндөртэй хотуудаар Парис, Хонконг, Цюрих тодорчээ. Британийн “Economist Group” компаниас явуулсан амьдралын өртгийн талаарх “Worldwide Cost of Living 2020” судалгаанд дэлхийн томоохон 130 хот хамрагдсан байна.
Хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтын эхний аравт Сингапур, Тел Авив, Осака, Женев, Нью Йорк, Копенхаген, Лос Анжелес зэрэг хотууд багтжээ. Жагсаалтыг гаргахдаа 138 бараа, үйлчилгээний үнэ, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн, орон сууцны түрээс, хүүхдийн сургалтын зардал зэргийг харьцуулан шинжилсэн байна. Сүүлийн 12 сард буюу цар тахалтай холбогдуулан тогтоосон хөл хорионы нөхцөлд тамхи болон гэр ахуйн цахилгаан барааны үнэ хамгийн ихээр нэмэгджээ.
Өнгөрсөн онд энэ жагсаалтыг Хонконг тэргүүлж байв. Тус жагсаалтад Тегеран хот огцом үсрэлт хийснийг судлаачид онцолжээ. Тус хот 27 байр ахиулж, 79-т орж ирсэн байна. АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авснаар бараа нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, хүнсний бүтээгдэхүүний хомдсол үүсгэсэн нь энэ хотын амьдралын өртөг нэмэгдэхэд хүргэсэн байна.
Баруун Европт сүүлийн нэг жилийн хугацаанд бараа үйлчилгээний үнэ өртөг мэдэгдэхүйц нэмэгджээ. Энэ нь евро болон бусад валютын ам.доллартой харьцах ханш өссөнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Парист гэхэд нэг кг талхны дундаж үнэ 5.2 ам.доллароос 6.1 ам.доллар, Цюрихт 4.69 ам.доллароос 5.03 ам.доллар хүртэл нэмэгджээ.
Харин амьдралын өртөг багатай хотуудын тоонд Алматы (Казахстан), Каракас (Венесуэл), Лусака (Замби), Ташкент (Узбекистан) хотууд оржээ. Сирийн Дамаск хот хамгийн сүүлд бичигдсэн байна.
“Economist Group” компанийн судлаачид 2021 онд дэлхийн эдийн засаг бүрэн сэргэхгүй гэж үзэж байна. Тиймээс хэрэглэгчид орлогынхоо ихэнх хэсгийг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн болон интернетэд зориулсан хэвээр байх болно гэж тэд таамаглаж байна. Ингэхдээ хувцас болон зугаа цэнгэлд зориулсан зардал танагдах төлөвтэй байна гэж шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )