ТОЙМ: Цар тахлын дэргэд “ЦАР ТАХАЛ” олширлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Аливаа өвчин зовлон, ямар нэгэн гэнэтийн үзэгдэл нь хүний мөн чанарыг өөрийн эрхгүй цухалзуулах аж. Хөл хорионы дэглэм дундуур төрөө гэх хүндлэлгүй, түмнээ гэх сэтгэлгүй хүмүүсийн араншин ил гарч байгаа  нь цар тахлаас ч аюултай байгаа нь анзаарагдана. Монгол Улс аюулт өвчинтэй нүүр тулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас эхлээд холбогдох шат бүхэнд арга хэмжээ авч, бүсээ тайлах завгүй ажиллаж байна.

Гэтэл цар тахал, хөл хорио тойрсон дуулиан дагуулан, олон нийтийг хэргээр үймүүлсэн хэсэг бүлэг хүмүүс гараад ирэв. Буруу зүйл хийсэн ч тэр, зөв зүгт алхсан ч тэр шүүмжлэл өрнүүлэн цэцэрхэх тэнэгүүд ямар олон болоо вэ. Ажиж байхад эдгээр цэцэрхэгчид нь улс төрөөс жийгдсэн, эргэж ирэхээргүй болсон улс төрийн үхдлүүд, эсвэл улс төрд санаархаж байгаа ч хэзээ ч босгыг нь давж чадахааргүй хоосон сэтгэлтнүүдээс гарч байгаа нь ажиглагдана. Толгой дараалан нэрлэсэн ч болно. Тэд өчүүхэн эрх ашгийнхаа төлөө үндэстнийхээ эсрэг аашилж байна гэхэд хэтийдэхгүй. Тэднийгээ цахим орчинд хөөргөж өдөөх хүмүүс ч ямар олон болоо вэ. Үүний цаана хувийнх нь өчүүхэн эрх ашгаас гадна нам хэмээх зүйл байгаа нь ч илт цухалзана. Өнөөдөр нэг улс төрийн үхдлийн буруу зүгт уриалсан үг ямар олон хүнийг буруу зүгт эргүүлж байгаа бол гэхээс яс хавталзана. Ийм л хүмүүс цар тахлын дэргэдэх цар тахал болоод байна. Дэгдэж боссон өвчин нэг л өдөр илааршиж алга болно. Харин эдгээр цар тахал үхэн үхтлээ вирусээ тараасаар амьдрах болно гэхээр аймшигтай. 

Төрөөс өөрийн нөөц боломж, эдийн засгийнхаа чадлын хэрээр арга хэмжээ авч, хөл хориог чанга дэглэмд шилжүүлэв. Одоо монголчууд бид аюулт өвчинтэй тулалдаж, ялалт байгуулахын тулд хорио цээрийн дэглэмийг чанад мөрдөх чухал үе иржээ. Олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа иргэдийн санаа бодлыг сонсоход “Цар тахалтай мөр зэрэгцэн ажиллаж амьдрах” тухай цэцэрхэж байгаа нь буруу юм. Энэ санаа нь өнөөх л цар тахлын дэргэдэх цар тахлаас гарч байгаа вирус аж. Дэлхийн зарим улс оронд онцгой дэглэмгүйгээр аюулт өвчинтэй тэмцэж байгааг хэлж байгаа бололтой. АНУ-д Ерөнхийлөгч нь хүртэл халдвар авсан. Тэгэхээр бид дэлхийн өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадвартай улс орнуудтай өөрсдийгөө зүйрлэж улам их эрсдэл “мөрөөдөх” хэрэггүй. Энэ бол аюул. Тэр улсын чинь иргэн ядахад цар тахлын дэргэдэх цар тахал болж амьдрахгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн байнга санал солилцож байна. Ерөнхийлөгч их санаа зовж байгаа. Одоогоор улсын хэмжээнд Онц байдал зарлах боломж бүрдээгүй байна. Онц байдал гэдэг нь үндсэндээ зэвсэг орно л гэсэн үг, хүч хэрэглэнэ гэсэн үг. Ийм байдалд битгий хүрээсэй гэж хүсэж байна. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл Онц байдал зарлахыг үгүйсгэхгүй" гэх тайлбарыг өглөө. Үүнийг ч дэмжиж байна. Би л хувьдаа цар тахалтай мөр зэрэгцэн ажиллаж амьдармаагүй байна. Үүнээс хурдан салахыг л мөрөөдөж байна. Гэтэл өнөөдрийн УИХ-ын чуулганы цахим хуралдаанаар С.Одонтуяа гишүүн “Ерөнхий сайд бид арван сар бүслэлтэд байлаа, одоо гардан тулаанд орлоо гэж байна. Юу гэсэн үг вэ” гэх мэтээр тайлбар шаардах шахуу сууж байх юм. Энэ мэт ойлгомжтой зүйрлэл хаа ч байдаг. Чухам яах вэ, гарц гаргалгаа гэж ярих ёстой атал энэ мэт үгийн өө сэвээр хөөцөлдөж суух гишүүн ч байна. Чуулганы хуралдаанд бөөгнөрч суулгасангүй хэмээн цахимаар загнах гишүүн ч байна. Ерөнхийдөө чуулганы хуралдааныг харж байхад “Ард түмэн минь, хүний эрх гэж байх ёстой” гэх мэтээр хувь улстөрчийн карьераа бодож байгаа гишүүн ч цөөнгүй. Тэгэхээр цар тахлын дэргэдэх цар тахал төр, түмэнгүй тархаж байгаа аж.

Монгол Улсад эдийн засгийн чадвар алга. Иргэдийн хүссэн бүхнийг өгөх, мөнгө цутгах ямар ч боломжгүй. Энэ асуудалд иргэн бүр л өөр өөрийн өнцгөөс хандаж, төр засгаа хараах нь харааж, сайшаах нь сайшааж байна. Хөл хорио, өвчнөөр далимдуулан цахим орчинд өөрийгөө бий болгох гэсэн санаархал ч харагдана Ядахад улс орныхоо эдийн засгийн хэмжээ, үндэснийхээ онцлогийг мэдэхгүй хүмүүс ямар олон болоо вэ. Магадгүй, хэргээр олон нийтэд харагдах гэсэн дон тусагчдын нэгэн сүүдэр ч байж болно.

Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл өрх бүрд нэг сая төгрөг олгоно. Гэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөгийг үндэсний үйлдвэрлэгчдээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг өгөх саналыг Ерөнхий сайдад хүргүүллээ. Энэ нь хөл хорионы үед хувь улстөрчийн зүгээс гарч байгаа нэг араншин, олон нийтэд таалагдах гэсэн акц болохоос бодитой санал биш гэдэг нь тодорхой харагдана. Зөвшөөрөөд биелүүлээд явлаа ч таатай арга хэмжээ биш юм. Ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг хүнсний компаниудын гурилан болон махан бүтээгдэхүүн л их хэмжээгээр авахгүй бол амьдрал ахуйд ч дэмтэй зүйл биш ажээ. Тэгээд ч улс орны иргэд гэдэг өвс тэжээл тавьж өгчихөөр цатгалан хивээд хэвтэх мал биш.  

Өнгөрөгч лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанаас сэтгүүлчид нээлттэй мэдээлэл хийн, албаны хүмүүстэй санал бодлоо солилцож, асуултын хариуг ч авсан. Үүнтэй дөрөө харшуулан, иргэд олон нийт ч байр сууриа илэрхийлж байгаа нь харагдана. Аанай л өнөөх цар тахлын дэргэдэх цар тахал л цахим орчинд гол дүр болцгоов. Манай хэвлэл мэдээллийн зарим ажилтнууд ч сав хүрээнээсээ хальж, Засгийн газрын гишүүдтэй зиндаархах гээд юм юм л болов. “Төр төмбөгөр ёс ёмбогор” гэж үг бий. Зарим тал дээр Засгийн газрын үйл ажиллагаа, зарим сайд таалагдахгүй байж болно. Гэвч залбирах сэтгэл хүрэхгүй ч засаж өргөж явах учиртай өндөр дээд төрийн сүлд гэж зүйл байдгийг мартах учиргүй. Хүндэлж чадахгүй ч хүлээцтэй хандах, мэргэшиж чадаагүй ч мэргэжлийн ёс зүйгээ өргөж явах учиртай сан.

Үнэнийг хэлэхэд туршлага нимгэн, зангараггүй сайд нарыг буруушаах нь хувь хүний эрхийн асуудал. Үндэсний бөхийн аварга, Хотын дарга маань ч чамгүй ширвүүлэв. Аргагүй л түүнд юм юм дутна. Тэр чинь үндэсний бөхийн л аварга хүн шүү дээ. Өөрсдөө сонгочихоод одоо харааж зүхээд яахав. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гээд “Долоо буудуулсан чоно”-ын санааг хараарай. Цар тахлын дэргэдэх цар тахлууд л өдөр шөнөгүй харааж зүхэж байгаагаас бус Монгол Улсын төрийн ноён нуруу “Долоо буудуулсан чоно”-нуудын нуруун дээр л явдаг шүү дээ. Энд Ч.Хүрэлбаатарыг магтах гээд байгаа хэрэг биш. Цагийн цагт л “Чоно”-ууд төрийн нурууг түшиж ирсэн түүхтэй. Түүнээс бус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Б.Ариунзаяад найдах уу, Эрүүл мэндийн сайд хүүд найдах уу гэдэг бол асуудал шүү.

Энэ бүгдийг дурдахын учир нь цар тахлын дэгдэлттэй үед ядахад улстөржихгүй байгаач хэмээн гуймаар байна. Эрх биш бүрэн улсын УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр дор мэргэжлийн байгууллагуудын гаргасан журам дүрмээр л амьдарч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд мөрдөж байна, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, үндэсний онцлогтоо тааруулсан шийдвэр дор л амьдарч байна, чухам юу нь болохгүй байгаа хэрэг вэ!?

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.90.157) 2020 оны 11 сарын 22

Монголчууд минь бид чинь айлын эрх хүүхэд аятай амьдарч байна шүү.бүх юмыг төр засгаас шаардаж амьдарна гэж юу байсан юм бэ.хажуугаар УИХ _ын гишүүн нэртэй тэнэгүүд олон зүйлийн мөнгөний амлалт өгөхийг засгаас шаардаж байна.гэтэл тэр мөнгө хаана байна вэ.өөрсдөөсөө эхлээд сая,тэрбумаар зардаг зарлалаа хараач.гал түлэ,яндан хөлөхөө хүртэл төрөөр заалгахаа боливол ямар вэ.

0  |  0
Zochin(202.126.88.44) 2020 оны 11 сарын 21

Mash zuv bichsen bna. Hvmvvs mini dvgnelt hiigeerei. Setgvvlchdad yos zvi.soyol gej bna ui. Yadaj turiin tvsheedteigee hvndetgeltri handah setgel bhgvi.bie bieesee ursuj neg ih chadvartai hvn bolj haragdah geedl ineedtei haraddag shvv

0  |  0
Цар(202.179.25.144) 2020 оны 11 сарын 21

Музей, соёлын төв, засвар, гээд аймаг сум бүрт шавар зуурах төсөв баталж бараг 2 их наяд тагрөг гувчуулах гэсэн Хүрэлбаатарыг өмөөрсөн цар тахал өөрөө байнаа чи.

0  |  0
Зочин(122.201.21.79) 2020 оны 11 сарын 21

Гишүүн тус бүрийн 250 саяас авахуулаад зуу зуун тэрбумын хөшөө дурсгал - амбаар сав, сайд дарга нарын болон ТӨҮГ-уудын хэрээс хэтэрсэн тансаглалыг ганц удаа танахад л иргэн бүрт 1 сая байтугай өгөх нөөц бололцоо байгаа шдээ. Даанч сэтгэл алга даа.

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 11 сарын 21

Zub dugnelt bn! Hulgaich Hun ”hulgaichiig bariarai” geed dund hashigchij buitai yaag adilhan bn

0  |  0
Sambuu(192.82.70.125) 2020 оны 11 сарын 21

Shatakhuun tugeeguud bugs ajillakh estoi gene. Zarimiig n khaagaad khumuusiig n amruulaach. Gudmaar barag yamar ch mashin yavakhgui baikhad khendee uilchilekh geed baigaa yum be. 1duuregt usreed l 2 baikhad bilbo.

0  |  0
Эрдэмтэн(64.119.20.110) 2020 оны 11 сарын 21

Захиалгат бичлэг байна.

0  |  0
гро(66.181.179.154) 2020 оны 11 сарын 21

хүмүүсийг тэгээд өлсч үх гээ юү? лизинг, байрныхөө мөнгө, түлээ нүүрс, хоол хүнсээ яаж авах юм?

0  |  0
гро(66.181.179.154) 2020 оны 11 сарын 21

хүмүүсийг тэгээд өлсч үх гээ юү? лизинг, байрныхөө мөнгө, түлээ нүүрс, хоол хүнсээ яаж авах юм?

0  |  0
(192.82.76.125) 2020 оны 11 сарын 21

Ажиж байхад эдгээр цэцэрхэгчид нь улс төрөөс жийгдсэн, эргэж ирэхээргүй болсон улс төрийн үхдлүүд, эсвэл улс төрд санаархаж байгаа ч хэзээ ч босгыг нь давж чадахааргүй хоосон сэтгэлтнүүдээс гарч байгаа нь ажиглагдана.EWNE YAG HENIIG BICHEED BNAA???

1  |  0
Top