Монголбанкны Мөнгөний бодлогын хороо сүүлийн хурлаараа /2020.12.18/ Бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хорооны арваннэгдүгээр сарын шийдвэртэй холбоотойгоор ямар байр суурь илэрхийлснийг тодотгон хүргэе.
-Ковид-19 вирус дотоодод тархсанаар эдийн засагт шинэ, илүү эрсдэлтэй нѳхцѳл байдал үүслээ. Тѳв банк энэ үед ямар арга хэмжээг авч байна вэ?
Монголбанк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ѳрх, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогыг оны эхнээс хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ удаад дотоодод халдвар тархсан шинэ нѳхцѳл байдлыг харгалзан Мѳнгѳний бодлогын хороо шокийг зѳѳлрүүлэхэд чиглэсэн багц шийдвэрийг гаргалаа.
Нэгт, мѳнгѳний бодлогын хүрээнд бодлогын хүүг дахин 2 нэгж хувиар буулгаж, түүхэн доод 6 хувьд хүргэсний зэрэгцээ, 8.5% байсан банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6% болгов.
Хоёрт, макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, эргэн тѳлѳлтийн хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Гуравт, ЖДҮ болон уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүллээ.
Ингээд эдгээр арга хэмжээ нь цогцоороо санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой юм. Мөн түүнчлэн бизнесийн зээл болон хэрэглээний зээл, ипотекийн зээлийн үндсэн өр, хүүний төлөлтийг хойшлуулсан өмнөх шийдвэрүүдийг дээр хэлсэн хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байна.
-Зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулах шийдвэр нь эдийн засгийн хямралын үед иргэдэд нэн түрүүнд, шууд нѳлѳѳлѳх шийдвэр болсон гэж үзэж байна уу?
Монгол Улсын санхүүгийн гол ачаалал банкны салбар дээр тогтсон, санхүүгийн хэрэглэгчид ч үүн тийш илүүтэй төвлөрсөн. Энэ утгаараа өнөөгийн тулгарсан хүндрэл бэрхшээлийг зөөлрүүлэх шийдвэр гаргахад харилцагч, бизнесийн байгууллагуудын саналыг харгалзан үзэх нь зайлшгүй юм. Тиймээс цар тахлаас болж орлого нь хумигдсан өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний болон бизнесийн зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхгүйгээр хугацааг сунгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр санхүүгийн эрсдэл үүсэх дарамт, хүндрэлийг бууруулахад дэмжлэг болно гэж үзэж байна. Хүсэлтүүд мэдээж ирж байна.
Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн эргэн төлөлтийн хойшлуулалтын байдал дээр жишээ болгон авч үзэхэд л арванхоёрдугаар сарын 11–ний өдрийг хүртлэх хугацаанд 2.2 их наяд төгрөгийн 41.5 мянган хүсэлтийг банкууд хойшлуулсан нь нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 63 орчим хувийг эзэлж байна. Гэх мэтээр аль ч төрлийн зээл хойлшуулалт хийгдсээр байна.
Эдийн засгийн хөдөлгөөн суларсан энэ үед иргэдийн зээлд тѳлѳх мѳнгѳ хэрэглээнд нь зарцуулагдаж, ѳрхийн хэрэглээ огцом унахгүй байх нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, бизнесийн үйл ажиллагааг давхар дэмжих ач холбогдолтой. Тиймээс Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар банкуудад чиглэл өгч ажиллаж байна. Тэгэхээр энэ нь иргэд, бизнесийн байгуллагууд, санхүүгийн системийг бүхэлд нь харсан шийдвэр гэж ойлгож болно. Цаашид нөхцөл байдлын хувьд эхний вакцинууд амжилттай туршигдахын зэрэгцээ гадаад худалдааны том түнш орны эдийн засгийн гүйцэтгэл, тѳлѳв нь сайжирч гадаад орчинд эерэг ѳѳрчлѳлтүүд бий болно гэж харж байна. Харин дотоод орчны хувьд вирусний дэгдэлтийн эрсдэлийг маш хурдан хяналтандаа оруулах нь чухал байна.
- Мѳнгѳний бодлогын хорооны хурлаас ЖДҮ болон уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь анхаарал татаж байна. Тѳв банк эдийн засгийг дэмжихийн тулд өмнө нь хэрэгжүүлж байсан уламжлалт бус бодлого буюу үнэ тогтворжуулах хөтөлбөрт шилжив үү гэх болгоомжлол байна?
Шуудхан хэлэхэд үгүй. Энэ хэрэгслийн онцлогийг товч тайлбарлая. Нэгт, репо санхүүжилт нь Тѳв банкны уламжлалт бодлогын арга хэрэгсэл. Харин Ковид 19-ийн үед тус хэрэгслийн хугацаа долоо хоног байсныг хоёр сар болгон уртасгаж, барьцаа хѳрѳнгийн төрлийг өргөжүүлснээр нѳхцѳлийг нь илүү уян хатан болгосон. Хоёрт, хүү болон санхүүжилтийн хэмжээг төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцѳлөөр макро орчин болон зах зээлийн төлөвтэй уялдуулна. Үүнийг Мөнгөний бодлогын хорооноос улирал бүр тодорхойлох учраас зах зээлд том гажуудал үүсгэх эрсдэл болон ханшид үзүүлэх дарамт нь бага байх болно. Гуравт, банкууд ЖДҮ болон уул уурхайн бус экспортын чиглэлээр олгосон өөрийн зээлийн багцыг үнэт цаасжуулж, тэр хэмжээгээр репо санхүүжилтийн хэрэгслээр урт хугацаатай эх үүсвэр авна. Зээл олгохдоо зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх учраас зорилтот бүлэгтээ хүрсэн үр дүнтэй санхүүжилт байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ер нь макро агуулгаараа бол банкнаас олгох зээлийн тасалдлыг арилгах зорилготой. Нэмж тодруулахад, хөл хорионы дэглэм нь бизнесийн үйл ажиллагаа болон хэрэглээг хязгаарладаг. Энэ нь эргээд зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж, банкны шалгуураар зээлдэгч хэт эрсдэлтэй харагддаг учир зээл гаргахгүй байх шалтгаан болдог. Иймд энэ үед Төв банкнаас эх үүсвэрийн нийлүүлэлтийг дэмжих шаардлага гарч байгаа юм. Нөгөө талаас харьцангуй хямд хүүгээр дээрх салбаруудын зээлүүдийг дахин санхүүжүүлэх бололцоог олгоно.
- Цар тахлын хүнд үед төрөөс дэмжлэг шаардлагатай гэсэн хэлэлцүүлэг нийгэмд өрнөж байна. Тухайлбал, зээлийн хүүг зогсоох гэдэг ч юм уу. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү?
Хамгийн гол зарчим бол эрсдэл болон зардлаа талууд хуваалцах ёстой. Бас эдийн засаг, санхүүгийн цаашид тогтвортой үргэлжлэх харилцаа, үүрэг хариуцлага, түүнтэй холбоотой урт хугацаанд баримтлах ёстой үндсэн зарчмаа эвдэж болохгүй. Тухайлбал, зээлдэгч-зээлдүүлэгчийн харилцааны хувьд зөвхөн нэг тал нь хожих эсвэл эрсдэлгүй байх тухай асуудал огт байж болохгүй.
Банк, зээлдэгчийн хооронд эрсдэл болон алдагдлаа хуваалцах тал дээр зөвшилд хүрэх нь чухал. Тэгвэл төрийн зүгээс дэмжлэг үзүүлж мөн чадах хэмжээгээрээ эрсдэлийг хуваалцахыг зорьж байна. Энэ агуулгаар бодлогын шийдвэрүүд гарч байна. Тухайлбал, бодлогын хүү, төгрөгийн эх үүсвэрийн хувьд заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг бууруулсан шийдвэр нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж, улмаар зээлийн нөхцѳлийг зөөлрүүлэх, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй.
Эцсийн үр дүн нь зээлдэгч, зээлдүүлэгч аль аль талдаа ач холбогдолтой. Гэхдээ хэрэгжилтийн эхэн үед банканд богино хугацаандаа ачаалал үүсэх хэдий ч энэ тохиолдолд Төв банк банкуудад эцсийн зээлдүүлэгчийн хувьд тогтвортой байдлыг дэмжиж ажиллана. Мөн ковид-19-ийн дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн асуудлыг байнга бодолцож тооцож байх нь Төв банкны үүрэг гэдгийг мартах учиргүй.
- Оны эхэнд 11% байсан бодлогын хүү одоо түүхэн доод түвшин 6%-д хүрснээр инфляц ѳсѳх эсвэл тѳгрѳгийн ханш унах дарамт үүсэх эсэхийг хэрхэн харгалзсан бэ?
Ковид-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр эдийн засаг саарах эрсдэл нэмэгдсэн үед бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулах шийдвэртэй алхам хийх орон зайг инфляц, ханш аль аль нь олгосон. Инфляц сүүлийн саруудад бага түвшинд (10-р сарын байдлаар 2.4%) хадгалагдаж, цаашид ч бага байх төсөөлөлтэй байна. Эдийн засгийн сэргэлттэй уялдан инфляц өсөх ч Тѳв банкны зорилтот түвшинд байх боломжтой гэж харж байна. Төгрөгийн ханшийн хувьд харьцангуй тогтвортой байгаа. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тодруулбал, мөнгөний бодлогын төлөв зохистой байгаа, экспортын орлогыг эрчимжүүлэхэд чиглэсэн Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй байна, энэ жилийн болон ирэх жилийн томоохон гадаад төлбөрүүдийг шийдвэрлэсэн, саарал жагсаалтаас гарсан гээд Ковидыг эс тооцвол эдийн засагт тодорхой ахиц дэвшлүүд бий. Энэ эерэг хүчин зүйл нь эргээд эдийн засагт болон төгрөгт итгэх итгэлийг дэмжиж байна. Валютын нѳѳц 8-9 сарын импортыг хангахад түвшинд байгаа нь энэ оныг 4 орчим тэрбум ам.долларын нөөцтэй давах болов уу.
-Эдийн засгийн ирээдүйн төлөвийг та хэрхэн харж байна вэ?
Монголбанкны сүүлийн төсөөллөөр ирэх оны эдийн засгийн өсөлт 6 орчим хувьд байна гэж тооцоолж байна. Цар тахал дотоодод тархахаас өмнө 8-9 орчим хувийн суурь хүлээлттэй байсан. Эдийн засгийн үйл ажиллагаа хөл хорионоос ихээхэн шалтгаалж байна. Тиймээс дотоод тархалтаа аль болох богино хугацаанд цурманд оруулах шаардлагатай. Бизнесийн идэвх сулардаг өвлийн улиралд хөл хорио таарлаа. Тэгвэл ирэх хавар хөл хориогүй байх нь бизнесийн сэргэлтэнд их чухал байна. Ер нь манайд дотоод тархалтаа шийдвэрлэх асуудал байгаа болохоос бус гадаад орчин бол эерэг тал руугаа тасралтгүй өөрчлөгдөж байна. Хүнд цаг үе ч удаан үргэлжлэхгүйгээр ирэх жилээр хязгаарлагдахаар байгаа тул дунд хугацааны төсөөлөл харьцангуй өөдрөг байна. Тийм учраас өрх болон бизнес, зах зээлийн зарчмаа богино хугацааны бэрхшээлийн золиосонд алдчихалгүйгээр сайн цагтай золгох нь чухал байна.
-Эцэст нь сонирхоход цар тахлын үед Тѳв банк дотоод үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ?
Гамшгийн бэлэн байдлын үеийн дотоод үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөөц төлөвлөгөөг бид одоо бол амьдрал дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Тооцоо, судалгаа, хурал уулзалт, дата хандалт, баримт бичиг боловсруулалт, танилцуулга гээд ер нь бүхий л ажлаа виртуал байдлаар зохион байгуулж ирлээ. Монголбанк ямар ч нѳхцѳл байдалд үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлаа хадгалж, хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа хангахын тѳлѳѳ ажиллана. Бодлогын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах, тѳлбѳрийн системийн найдвартай байдлыг хадгалах, банк, санхүүгийн зах зээлийн тасралтгүй үйл ажиллагаа болон эмиссийн үйлчилгээ зэрэг Тѳв банкнаас хийх үйл ажиллагаа тогтвортой хэвийн үргэлжилж байна. Цар тахлын үед ажилтнуудаа зайнаас ажиллуулах, зайлшгүй оффист ажиллах ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг чанд мѳрдѳх зэрэг үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
энэ одоо тэгээд хэцүү бна мөнгө санхүү нь доголдоод байна гээд байгаа юмуу. шийдвэр гаргахдаа энэ эрсдэлээ бодож тооцож чаддаггүй тэрийг нь засгийн газар нь бодож тооцдоггүй гал унтрааж олон нийтийг аргаацаасан шийдвэр хийдэггээ болимоор алсдаа өчнөөн хохирол амсахаар гашуун үнэнтэй тулж цаашид яахаа сонгомоор