Энэ сарын 29 буюу баасан гарагт УИХ-ын чуулганаар шинэ Засгийн газрын гишүүдийг батламжилсан. Энэ үеэр шинээр Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалж, газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь заяатай салшгүй холбоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлж дуусгана гэдгээ илэрхийлье” гэсэн юм. Ерөнхий сайд Цар тахлыг богино хугацаанд даван туулах, Эдийн засгаа сэргээх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглал бий болгох гэсэн үндсэн дөрвөн зорилт дэвшүүлжээ.
Эдгээр зорилтын хүрээнд цар тахлын голомтод ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллах гэнэ. Мөн Монгол гэдэг өрхийн амьжиргааг залгуулдаг эх үүсвэрийн 93 хувь нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг нөхөн сэргээгдэхгүй баялгаас бүрддэг. Шинжлэх ухааны академи, инновацийн хүрээлэнгүүдийг уялдуулж, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулна гэдгээ хэлсэн үгэндээ онцолсон юм. Дундаж давхрагыг дэмжих бодлогын хүрээнд “Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно" гэлээ. Харин цахим засаглалыг хөгжүүлэхийн тулд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлж ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн тэрээр хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж, ширээний ард хурал хийх биш, самбарын өмнө шийдэл ярилцах Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно. Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно” гэсэн нь олны анхаарлыг татаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр сарын 29-ний өдөр захирамж гаргаж Засгийн газрын гишүүдээ томилсон. Энэ удаагийн Засгийн газрын 50 хувь нь У.Хүрэлсүхийн тэргүүлж байсан Засгийн газрын гишүүд улиран ажиллахаар боллоо. Үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БХ-ын сайд Г.Сайханбаяр, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭХ-ний сайд Н.Тавинбэх нар багтаж байна.
Засгийн газарт шинээр орж байгаа сайд нарын товч танилцуулга, Ерөнхийлөгчид бараалхах үеэр тэдэнд хандаж төрийн тэргүүний хэлсэн үгийг хүргэж байна.
Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн АМАРСАЙХАН
С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.
Х.Баттулга: “Та бол улс төрд чамгүй бэлтгэгдсэн, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Монгол Улсынхаа хүн амын тал хувийг захирч байсан туршлагатай, зовлон жаргалыг нь мэддэг хүн... Нөхцөл байдал ийм байхад битгий улстөржөөрэй гэж хэлмээр байгаа юм. Нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, Ерөнхийлөгчтэйгөө ойрхон ажиллаарай. Таныг хотын даргаар ажиллаж байх үед санал, бодлоо солилцож байсан. Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад, улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Цэндийн НЯМДОРЖ
Ц.Нямдорж нь 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай. Хуульч мэргэжилтэй. Ц.Нямдорж нь Төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан туршлагатай.
Х.Баттулга: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож байгаад баяр хүргэе. Та нар ярилцаж, хэлэлцэж байж гаргасан шийдвэр байх. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэдэг бол маш том гал тогоо. Та бид хоёр олон зүйл дээр санал нэгддэг, олон зүйл дээр санал нэгддэггүй. Дөнгөж дөч гарч байгаа Ерөнхий сайдаа хамгаалж ажиллаарай. Бид одоо намчирхмааргүй байна. Таны нас, туршлагыг харвал энэ Засгийн газрын хамгийн том түшиц нь гэж харж байна.
Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Нямжавын УРТНАСАН
Н.Уртнасан нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд "Ийгл" телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд "Шинэ дэлхий" телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд "Юни Си энд Си" ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд "Юни Солар" ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
Х.Баттулга: Та өмнө нь намын ажил хийж байсан ч улс төрд шинэ хүн болж байна. Өнөөдөр Монгол оронд тулгамдаад буй асуудал нь ус. Нөгөө талдаа Байгаль орчны яамнаас зөвшөөрөл олгосон газрыг дамлан худалдаалах, залилан мэхлэх замаар мөнгө угаасан, оффшор бүсээс орж ирсэн мөнгө байгаль орчинтой холбогддог зэрэг асуудлууд судлагдсан байгаа. Өнөөдөр говийн нутаг эзэнгүй, усгүй болж байна. Говьд усгүй болохоор малгүй, малгүй болохоор малчингүй болсон. Манай байгаль орчин сүйдсэн гэдгийг та ойлгож байгаа байх. Салбартайгаа танилцах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна.
Гадаад харилцааны сайд Батмөнхийн БАТЦЭЦЭГ
Б.Батцэцэг нь 1973 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 48 настай. Олон улсын харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд "Аз-хур" ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2010 онд "Мөнхийн үсэг групп" ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга, 2010-2011 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд Монгол Ардын Намын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2020 оноос "Мөнхийн үсэг групп" ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Б.Батцэцэг нь улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 ажил ажилласан туршлагатай.
Х.Баттулга: Дэд сайдаар ажиллаж байсан, мэргэжлийн хүн Гадаад харилцааны сайдаар томилогдож байгаад баярлаж байна. Тантай тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан учраас ойлголцдог. Нэн түрүүнд анхаарах асуудал хоёр хөрштэй явуулж буй бодлого байна. Мөн түүнчлэн гадаад харилцаан дахь эдийн засгийн асуудлууд, гуравдагч хөршийн бодлого, Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. Энэ жил ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Үүнд онцгой анхаараарай. Мөн 10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудал бий. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй.
Сангийн сайд Болдын ЖАВХЛАН
Б.Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 1997-1999 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 онд Хаан банк дахь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай.
Х.Баттулга: Өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлого хатуу байж болохгүй. Эдийн засгийн хямралтай ийм үед мөнгөний хатуу бодлогыг чөлөөлөх тал дээр тантай ойлголцох болов уу гэж бодож байна. Цар тахлын хямралын үед том төслүүд, ажлын байрыг хангах тал дээр Ерөнхий сайд анхаарч ажиллаарай, Сангийн сайд нь дэмжлэг үзүүлж ажиллаарай. Өрх бүрд нэг сая төгрөг олгох, эдийн засгийг дэмжих төсөл дээр хамтарч ажиллана гэж ойлгож байна.
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН
Л.Энх-Амгалан нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 51 настай. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Л.Энх-Амгалан нь улсад 28 жил ажилласан туршлагатай.
Х.Баттулга: Л.Энх-Амгалан сайд маш том салбарт сайдаар томилогдлоо. Боловсролын салбар хамгийн хоцрогдсон салбар. Та үүнд онцгой анхаарч ажиллаарай. Мөн шинжлэх ухааны салбар маш хоцрогдож байна. Сайдаар томилогдоно гэдэг бол том ажил хийх боломж гэсэн үг. Зүгээр нэг сайд байх нь танд тийм ч сонирхолтой биш гэж бодож байна. Залуу эрдэмтэд гэж байхаа больсон, бид залуу эрдэмтдээ бодлогоор гаргаж чадахаа больсон. Цар тахлын үеийн нэг жилийн боловсролын хоцрогдол нь хүүхдүүдийг арван жилээр хоцрооно шүү дээ. Монгол хүүхдийн боловсрол, танин мэдэхүй гээд зөндөө асуудал байна.
Соёлын сайд Чинбатын НОМИН
Ч.Номин нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 38 настай. 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 2003 онд Кембриджийн коллеж, 2006 онд Зүүн Английн Их сургууль, 2018 онд Харвардын Бизнесийн сургууль төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй. 2008-2011 онд "Тэрэлж Сүйх" ХХК-ийн захирал, 2011 оноос одоог хүртэл "Монгол телевиз" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Х.Баттулга: Таны хийсэн, бүтээсэн зүйлсийг залуус дэмждэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш том алхам хийсэн нь Соёлын яамыг байгуулсан явдал байлаа. Соёлын яам байгуулна гэдэг нь Соёлын ордон барих биш юм шүү. 21 дүгээр зуунд бид дотроо бие засах газар, усгүй Соёлын төв барьж болохгүй. Би өөрөө зураач хүн, энэ салбарын төлөөлөл учраас ярих хэлэх зүйл зөндөө байдаг. Соёлын салбарт хийх маш олон ажил бий. Хамгийн хоцрогдсон салбарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарч ажилласан. Үүнийг үргэлжлүүлэн ажиллаарай.
Эрүүл мэндийн сайд Сэрээжавын ЭНХБОЛД
С.Энхболд нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр. 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга, 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байна. С.Энхболд нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 13 жил ажилласан туршлагатай.
Х.Баттулга: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан учраас салбарын хүн гэсэн үг. Салбарынх нь хүн сайдаар томилогдохоор салбарынхан нь их зүйл хүлээдэг шүү. Эрүүл мэндийн салбар улстөржиж болохгүй. Учир нь өвчнийг нам харгалзахгүйгээр тусна. Сая зохион байгуулалтгүйн улмаас цар тахлыг дотооддоо алдлаа. Эрүүл мэндийн салбар мөн хоцрогдсон салбар. Эмч нарын цалин хөлс, ялангуяа алслагдсан аймаг, сумдад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нарын цалин хөлс, өрхийн эмч нар, өнөөдөр халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс, хөл хорио гэх мэт зөндөө асуудал байна. Таны өмнө маш олон асуудал тулгарна. Үүнийг хамтын хүчээр шийдэж, бусад орны туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Хонгилын үзүүрт гэрэл үзэгдэж эхэллээ.
....tuukhee khudaldsan tuukhch Chuluun ingej neg yum zailakh gej....Noming demjij bna amjilt