Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой өнөөдөр /2021.02.02/ тохиож байна. Энэхүү ойн өдөрт зориулж Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Давааням нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилийн ойгоо тэмдэглэж буй. Тэртээх 100 жилийн өмнө буюу 1921 онд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хэсэг залуучууд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх байгууллагыг үүсгэн байгуулснаар Монголын залуучуудын байгууллагын үндэс суурь тавигдсан. Тийм учраас Монголын Залуучуудын Холбооныхон ийнхүү үүсгэн байгуулагчдаа хүндэтгэл үзүүлж байгаа аж.
Монгол Улсын бүтэн зууны хөгжлийн түүхийг гардан бичилцсэн энэ байгууллага үүсэн бий болсон цагаасаа үе үеийн залуучуудын эрч хүч, эрмүүн тэмүүллээр халгин цалгиж, эх орноо хөгжүүлэх, ихийг хийж бүтээхэд залуусаа уриалан манлайлсаар ирсэн.
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Монголын залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулсан агуу хүний хэлсэн АЛИВАА ХҮН СУРАХ ЧИГЛЭЛИЙГ ЭРХЭМ БОЛГОВООС ХАНДАХ ЗҮГ ӨӨРӨӨ ТОГТОНО хэмээх алдарт үг 21-р зууны залуучууд бидэнд ч хамгийн үнэтэй зөвлөмж. Түүний байгуулсан Монголын залуучуудын байгууллага 100 жилийн ойн босгон дээрээ уламжлалд тулгуурласан, шинэ хандлага чиглэлийг бий болгон, дахин шинэчлэгдэн ажиллахаар зорилго, хөтөлбөрөө боловсруулаад ажиллаж байна. Монголын Залуучуудын Холбоо цаашид залуучуудаа оюунлаг, дэлхийн хэмжээний өндөр чадвартай, үнэ цэнэтэй боловсон хүчин, хувь хүн байлгахын төлөө ажиллах болно” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
ээ хөөрхий ямар нийгэм билээ,хөшөөнд гудайгаад авилгачдын цүнх барьж ул долоож явах цаг чинь мөн үү залуус аа бод бод бод
Зөв зөв залуучууд одоо л зөв болж байна