Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзулын “Бөртэ чонын өчил” шүлгийг сонсогч та бүхний сонорт хүргэж байна.
Тэнгэрийг гэтэлж ирсэн
Азарган хөх чоно юм би
Тэндээс заяат Монголын
Алтан өвөг хүн юм би
Манан дунд бүдгэрсэн
Эрт урьд юм би
Манан дундаас үзэгдсэн
Үлгэр домог юм би
Мэлхийний нуруунд оршсон
Өрнө намайг хилэнт болгож
Дэлхийг түлхэн бөмбөрүүлэгч
Дорнын уулс тэвчээр өгөв
Тортогтой хөх тооноор
Нарыг хэсэглэн хувааж
Хүн хүнд түгээсэн
Тэнгэрийн элч юм би
Тогоотой сүүнд багтаан
Сарыг загсааж
Шөнийг гэрэлтүүлсэн
Дэлхийн гэгээрэл юм би
Хүн төрөлхтөний нүүдлээс
Үлдэж хоцорсон
Өнчин дугуй мэт нарыг
Өнхрүүлж яваа юм би
Өргөн дэлхийг алдалсан
Эвэр саарал нум юм би
Өстнийхөө зүрхрүү ниссэн
Дуут хүрэл зэв юм би
Газар шороо миний алтан амь юм
Алдвал би үхнэ
Гол мөрөн миний улаан гол юм
Гогодвол би үхнэ
Хилийн хөх уулсаа нуруулданхан шогшиж
Эрэлхэгээр амьдарч яваа юм би
Хэрчигдэж алдагдсан газар нутгаа үгүйлэнхэн гансарч
Элэгнээсээ эмтэрч яваа юм би
Сүүдрээ дуслуулан гүйсэн
Шархтай хөх чоно юм би
Сүүдрээ дуусвал үхэх
Шаналант хөх Монгол юм би
2015.11.08-11.14
Сэтгэгдэл ( 0 )