Дэлхийн Худалдааны Байгууллагын шинэ тэргүүн Нгози Оконджо-Ивеала энэ сарын 1-нээс ажилдаа орлоо. Тэрээр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон анхны эмэгтэй, анхны африк гаралтай хүн болж байгаа юм.
Гарал, боловсрол
Нгози Оконджо-Ивеала 1954 оны зургаадугаар сарын 13-нд Нигерид алдартай эдийн засагч Чуквуки Бенжамин Оконджогийн гэрт төржээ. Тэрээр 1976 онд Харвардын их сургуулийн эдийн засгийн факультетийг төгссөн. 1981 онд Массачусетс технологийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Йель, Пенсильван, Дублиний их сургууль зэрэг дэлхийн 15 их сургуулийн эрдмийн зэрэгтэй.
Замнал
1982-2003 онд Дэлхийн банканд Зүүн Өмнөд Ази, Монголыг хариуцсан захирал, Ойрхи Дорнод, Хойд Африкийг хариуцсан албаны дэд ерөнхийлөгч зэрэг том албан тушаал хашиж байлаа. 2007-2011 онд Дэлхийн банканд дахин очихдоо 2008-2009 оны эдийн засгийн хямралыг даван туулах хэд хэдэн төслийг хариуцаж байлаа. 2012 онд Оконджо-Ивеала Дэлхийн банкны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны хар арьст эмэгтэй болсон. Гэхдээ солонгос гаралтай америк хүн Жим Ён Кимд ялагдаж байв.
2003-2006, 2011-2015 онд Нигерийн Санхүүгийн яамыг удирдаж (2006 онд ГХЯ-ны сайдын албыг давхар хашиж байв) байхдаа Нигерийн 30 тэрбум ам.долларын өрийг тэглүүж чадсан гавьяатай. Нигерийн эдийн засгийг авлигаас салгах, ил тод болгох шинэчлэлийг хариуцаж байжээ. Дэлхийн банк, ОУВС-гийн тусламжтайгаар Нигерид төрийн албаны цахим системийг амжилттай нэвтрүүлсэн.
Гавьяа шагнал
Нгози Оконджо-Ивеала дэлхийн том чансаанд олон удаа орж байсан. Дэлхийн 100 нөлөөтэй эмэгтэйн жагсаалт (Forbes; 2011, 2012, 2013, 2014), Дэлхийн нөлөөтэй 100 эрхэм (Time; 2014), Дэлхийн шилдэг 50 удирдагч (Fortune; 2015) багтаж байв.
2004-2005, 2014 онд The Banker сэтгүүлийн газраас түүнийг Дэлхийн шилдэг Санхүүгийн сайдаар тодруулж байлаа.
Хувийн амьдрал
Нгози Оконджо-Ивеалагийн нөхөр Икемба Ивеала мэс засалч мэргэжилтэй. Тэд дөрвөн хүүхэдтэй. Нгози олон улсын санхүү, Нигерийн авлигатай тэмцэх сэдвээр хэд хэдэн ном бичсэн. 2019 онд АНУ-ын иргэншил авчээ.
Сэтгэгдэл ( 0 )