2021 оны төсөвт тодотгол хийх тухай хэлэх нь одоо эртдэнэ гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Хүмүүс цуглаад, тодотгол хий гэж шаардаад, Сангийн сайд шийдчихдэг юм биш. Энэ чинь төсвийн тухай хуулиараа нөхцөл нь тодорхой болсон байх ёстой. Шаардлага үүссэн байх ёстой. Одоогоор төсвийн тусгай нөхцөл үүсээгүй байна. Тийм учраас төсвийн тодотголыг ярих эрт байна. Оны эхний хоёр сарын төсвийн орлого өнөөдрийн байдлаар урьдчилсан дүнгээр 100 хувь гарлаа. 100 хувиас бага зэрэг давж гарлаа. Бизнесүүдээ нээгээд, эдийн засгаа идэвхжүүлээд эхлэхээр орлого хэвийн байдал руугаа орж байна.
Төсвийн зардал дээр тасалдсан зүйл байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалт дээр одоогоор эрсдэл үүссэн зүйл байхгүй учраас энэ жил батлагдсан төсвийн хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа өнөөдрийн байдлаар хэвийн явуулж байна. Манай гол ашигт малтмалын түүхий эдүүд зэсийн үнэ ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр 9100 ам.доллар орчим байв уу даа. Төсөв дээрээ бол 8500-гаар тооцсон. Одоо бол 9000 гарчихсан явж байна. Өнгөрсөн долоо хоногт 9500 хүрснийг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ энэ тайвшрах зүйл биш. Биднээс биш том тоглогчдоос шалтгаалдаг. Орлого төлөвлөснөөс дээгүүр байвал сайн хэрэг гэлээ.
Тодотгохо, нэгдүгээр сарын байдлаар төсвийн тэнцэл 118.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Улсын төсвийн орлого өмнөх жилийн мөн үеэс 6 хувиар буурсан бол, зарлага 22.3 хувиар нэмэгдэж төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 118.5 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 276.3 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )