Японы Ерөнхий сайд Жозеф Байдентай уулзана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ирэх дөрөвдүгээр сарын эхний хагаст АНУ-д айлчилж, Цагаан ордны тэргүүн Жозеф Байдентай уулзахаар төлөвлөж байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүнобү баасан гарагт /2021.03.12/ мэдээлжээ.

Ингэснээр, Японы Ерөнхий сайд Байдены төрийн тэргүүний хувьд уулзах анхны гаднын дээд түвшний зочин болох юм.

2009 оны хоёрдугаар сард тухайн үед Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Таро Асо АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж байсан анхны гаднын төр, засгийн тэргүүн болж байсан түүхтэй. Харин Японы Засгийн газрын тэргүүн асан Шинзо Абэ АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж байсан анхны дээд хэмжээний зочин болж байв. Гэхдээ уулзалт Трампыг тангаргаа өргөхөөс өмнө болж байв.

Сүга АНУ-д хийх айлчлалаасаа өмнө коронавирусний эсрэг вакцин хийлгэх аж. Түүнчлэн, халдвар хамгааллын бүхий л арга хэмжээ авах бөгөөд Японы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг 80-90 хүнээр хязгаарлахаар тохирчээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох бүх албаны хүмүүс вакцинд хамрагдах гэнэ.

Үүнээс өмнө Сүга Ёшихидэ “65-аас дээш” насны ангиллын хүмүүсийн дараалал ирэхээр вакцин хийлгэнэ гэж мэдэгдэж байв.

Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэгигийн хэлснээр, талууд аюулгүй байдал, бүс нутгийн асуудал, цар тахлын нөхцөл байдал зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top