ТӨСӨВ: Өнөөдрийн өсөлтөд ТАЙВШИРЧ болохгүй

2021 оны 03 сарын 14

2021 оны төсөвт тодотгол хийх тухай ярих   нь одоо эртдэнэ гэж Сангийн сайд Б.Жавхлан энэ долоо хоногийн мягмар /2021.03.09/  гарагт мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос оны эхний хоёр сарын байдлаарх төсвийн үзүүлэлтийг өчигдөр /2021.03.13/  танилцууллаа.

Улсын нэгдсэн төсвийн  орлого, тусламжийн хэмжээ  оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 1.6 их наяд төгрөг байна.

 

ТӨСВИЙН ОРЛОГЫН:

 

  • 85.8 хувийг татварын орлого
  • 8.8 хувийг татварын бус орлого
  • 2.5 хувийг Ирээдүйн өв сангийн орлого
  • 2.9 хувийг Тогтворжуулалтын сангийн орлого тус тус  эзэлжээ.

 

Татварын нийт орлого  оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 221.7 тэрбум  төгрөг буюу 17.7 хувиар өсжээ.

Энэ өсөлтөд Нэмэгдсэн өртгийн албан татвар 172  тэрбум төгрөг буюу 84.9 хувиар, Орлогын албан татвар 65.4 тэрбум төгрөг буюу 16.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин: 

 

  • Нийгмийн даатгалын орлого 25.1 тэрбум төгрөг буюу 8.4 хувь
  • Онцгой албан татвар 8.6 тэрбум төгрөг буюу 6.6 хувь
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 6.4 тэрбум төгрөг буюу  5.9 хувиар буурсан үзүүлэлтийг танилцууллаа.

 

Төсвийн талаарх Сангийн сайдын байр суурийг сануулъя.  Тэрбээр “Хүмүүс цуглаад, тодотгол хий гэж шаардаад, Сангийн сайд шийдчихдэг юм биш.  Төсвийн тухай хуулиараа нөхцөл нь тодорхой болсон байх ёстой. Шаардлага үүссэн байх ёстой. Одоогоор төсвийн тусгай нөхцөл үүсээгүй байна. Тийм учраас төсвийн тодотголыг ярих эрт байна. Оны эхний хоёр сарын төсвийн орлого өнөөдрийн байдлаар урьдчилсан дүнгээр 100 хувь гарлаа. 100 хувиас бага зэрэг давж гарлаа. Бизнесүүдээ нээгээд, эдийн засгаа идэвхжүүлээд эхлэхээр орлого хэвийн байдал руугаа орж байна. Төсвийн зардал дээр тасалдсан зүйл байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалт дээр одоогоор эрсдэл үүссэн зүйл байхгүй учраас энэ жил батлагдсан төсвийн хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа өнөөдрийн байдлаар хэвийн явуулж байна. Манай гол ашигт малтмалын түүхий эдүүд зэсийн үнэ ямар байгааг та бүхэн мэдэж байгаа... Гэхдээ энэ тайвшрах зүйл биш. Биднээс биш том тоглогчдоос шалтгаалдаг. Орлого төлөвлөснөөс дээгүүр байвал сайн хэрэг” хэмээн мэдэгдсэн юм.

Тодотгоход, коронавирусний халдварын эрсдэл өндөр, тохиолдлуудын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор маргаашнаас эхлэн 14 хоногийн хугацаанд Улбар шар түвшиний хязгаарлалт улс орон даяар хэрэгжихээр болоод байна. Энэ хүрээнд зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдана. Тэгэхээр хязгаарлалттай холбоотойгоор төсвийг бүрдүүлдэг татварын орлогод тодорхой хэмжээнд нөлөөллөө үзүүлнэ.

Албаныхан хэлэхдээ хязгаарлалт тогтоож буйн гол зорилго нь дархлаажуулах ажлыг үр дүнд хүргэх явдал гэж буй юм. Улаанбаатар хотын 10 хүн тутмын нэг нь вакцины эхний тунг тариулсан тул дараагийн тунг тариулах хүртэл халдвар авах эрсдэл байгааг тооцож хязгаарлалтууд хийж байгаа хэмээн мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top