Япон АНУ-аас импортлох үхрийн маханд өндөр татвар ногдуулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Японы Засгийн газар АНУ-аас импортлох үхрийн маханд ногдуулах татварыг нэмэгдүүлжээ. Учир нь АНУ-аас импортолж буй үхрийн махны хэмжээ хоёр талын тохиролцсон хэмжээнээс давсан байна.

Японы хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын сайд Котаро Ногамигийн мэдэгдсэнээр, энэхүү шийдвэр ирэх дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үйлчлэх бөгөөд талууд энэ асуудлаар зөвлөлдөж байгаа гэнэ.

Хоёр талын тохиролцоо ёсоор АНУ санхүүгийн нэг жилийн хугацаанд 242 мянган тонн үхрийн мах экспортлох эрх эдэлдэг. Гэвч энэхүү хязгаарыг даваад байгаа тул дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилгоор Токио Америкийн үхрийн махны татварыг 25.8 хувиас 38.5 хувь хүртэл нэмэгдүүлжээ.

Америкийн үхрийн махны нийлүүлэлтийг  тойрсон маргаан хоёр талын эдийн засгийн харилцааг нэг бус удаа хурцатгахад хүргэж байсан билээ. Японы Засгийн газар энэ асуудал Жо Байдены засаг захиргаатай тогтоож буй холбоо харилцаанд хохирол учруулах бий гэж болгоомжилж байна гэж Киодо агентлаг онцолсон байна. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ирэх сарын эхээр Вашингтонд айлчилж, Цагаан ордны тэргүүнтэй хэлэлцээ хийхээр зэхэж байгаа билээ.

2020 оны эхний өдөр тус хоёр улсын хооронд байгуулсан худалдаан иж бүрэн хэлэлцээр хүчин төгөлдөр болсон. Баримт бичигт Америкийн үхэр, гахайн мах, бяслаг болон дарсны импортын татварыг аажмаар бууруулах заалт орсон. Үүний хариуд АНУ Японы автомашин зэрэг бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх үүрэг хүлээсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top