Төсвийн орлого төлөвлөснөөс 22.8 тэрбум төгрөгөөр ДУТЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Оны эхний хоёр сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн  1,627.6 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1,740.3 тэрбум төгрөг болж,  төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 112.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

 

Энэ хугацаанд төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 7.2 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн дүнгээс 660.4 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Төсвийн ОРЛОГО

Төсвийн орлого 1,627.6 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 22.8 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеэс 258.3 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Төлөвлөгөөтэй  харьцуулахад  төсвийн  орлогын төлөвлөгөө тайлант хугацаанд 1.4 хувиар дутуу биелж, 98.6 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. 

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 22.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөд:

 

  • Татварын орлого 0.1 хувь буюу 1.8 тэрбум төгрөгөөр
  • Татварын бус орлого 12.2 хувь буюу 21 тэрбум төгрөгөөр тус тус дутуу биелсэн нь нөлөөлжээ.

 

Орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар давж биелсэн бол бусад төрлийн татварын орлого 3.8-47.3 хувиар төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.

Татварын бус орлогын төлөвлөгөө оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 87.8 хувийн биелэлттэй гарч, 21  тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн нь хувьцааны ногдол ашиг болон газрын тосны орлогоос бусад төрлийн татварын бус орлогууд дутуу төвлөрсөнтэй холбоотой аж.

 

Төсвийн ЗАРЛАГА

Нэгдсэн төсвийн нийт зарлага  оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1,740.3 тэрбум төгрөг болж, 683.2 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 71.8 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Төсвийн  нийт  зарлагын  гүйцэтгэлийг  тайлант  хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 28.2 хувиар дутуу зарцуулагдсан ч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар буюу 251.1 тэрбум төгрөгөөр өсжээ.

Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 43 тэрбум төгрөгөөр буюу 50.2 хувиар буурсан бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 53.8 тэрбум төгрөгөөр буюу 55.8 хувийн дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top