ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал нь коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл тусгай чиг үүргийн нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авч, тусгаарлан ажиглах үүргийг гүйцэтгэж байна.
Энэ хугацаанд сувиллын 45 алба хаагч 10-21 хоногийн хугацаатай хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэн, тусгай чиг үүргийн 49 удаагийн нислэг, 4 удаагийн газрын боомтоор ирсэн 958 иргэн, дотоодын халдварын ойрын хавьтал 61 иргэн, нийт 1019 иргэнийг хүлээн авчээ.
“Онцгой Жаргалант” сувилал нь нийт 5 эмч, 10 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнтэй бөгөөд тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тухайлбал, 455 иргэнд давхардсан тоогоор 879 удаагийн эмчийн бодит үзлэг хийж, оношлож, эмийн болон эмийн бус эмчилгээ хийж, 162 иргэнд 244 удаагийн сэтгэл зүйн зөвлөгөөг биеэр болон утсаар өгч, тайвшруулах дасгал техникийг зааж, нэн шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн яамтай холбогдон, төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлж, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэн ажиллажээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд ийнхүү зогсч байгаа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги буюу “Онцгой Жаргалант” сувиллын хамт олон, эмч, мэргэжилтнүүддээ болон монголын нийт цагаан нөмрөгт баатрууддаа Эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )