Хүнийг ажил мэргэжил, хөрөнгө чинээ, нас хүйс ялгахгүй дарлаж чадаж байгаа ганц зүйл одоогоор коронавирусний халдвар боллоо. Халдварын тоо эрс нэмэгдэж, хэд хоногийн дараа Монгол Улсын хүн амын нэг хувь халдвар авах эрсдэлд хүрлээ. Айдас хүйдэс дагуулсан халдварын голомтод нэг жил гаруй цаг наргүй зүтгэж буй эмч нар өнөөдөр хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Хүн л юм чинь үр хүүхдүүд, хань ижилтэйгээ хамт байхыг хүснэ. Гэвч тэдний хүсэл бидний эрүүл мэндээр хязгаарлагдаж байгаа юм.
Ялангуяа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ тохиолдолд иргэн бүр ухамсартайгаар хөл хорионы дэглэмээ сайтар баримталбал бидний төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч нараа дэмжиж байгаа хамгийн том дэмжлэг байх нь гарцаагүй. Тэд зөвхөн эмч мэргэжил, өргөсөн тангарагтаа л өнөөдрийг хүртэл шазуур зуун ажилласаар. Саяхан 400 гаруй эмч коронавирусний халдвар авсан гэх мэдээлэл гарсан. Эмнэлгийн салбарын хүний нөөцөд асар том хохирол учирч байгаа нь тэр. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа ямар ч эмч шантарна. Сайд нар нь сайн хүн болж харагдах гэж тэднийг загнана. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд нь загнана. Сошиалаар тэднийг харааж зүхнэ. Ер нь тайван ажиллах боломж тэдэнд улам хомс болсоор байгаа.
Гэсэн атал гэр гэртээ байгаач гээд уриалж, гуйж байхад л гудамжаар дүүрэн хүмүүс холхино. Тэр эмч нар бидний оронд байсан бол гудамжаар гарах нь бүү хэл гэртээ гэр бүлдээ цаг зав гаргахсан гэж мөрөөдөж байгаа. Бидний хэнэггүйтэл тэдний мөрөөдөл болчихоод байгаа шүү, яг үнэндээ. Тэд цөхөрч байна. Тэд ядарч байна. Тэд сөхөрвөл бид сөхөрнө. Эмнэлгийн тусламж үзүүлэх эмч ч үгүй болоход ойрхон байгааг санаж, хатуу хөл хорионы дэглэмээ сахицгаая.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )