Яг одоо АНУ-д кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах 94 дэх удаагийн "Оскар"-ын ёслол болж байна. Энэ ёслолыг жүжигчид, найруулагчдаас гадна үзэгчид тэсэн ядан хүлээдэг билээ. Оскар бол сэтгэл хөдөлгөсөн мөчөөс гадна том будлиан, гэнэтийн мэдэгдэл гэх мэт олон үйл явдалтай жинхэнэ шоу юм. Өнөөдөр бүгдээрээ тус шагналын түүхэн дэх онцгой үйл явдлуудыг эргэн нэг дурсацгаая.
1940 он – Анх удаа хар арьст од шагнал хүртэв
Оскарын шагнал үүсээд 11 жил өнгөрсний дараа л хар арьст жүжигчин тус шагналыг хүртсэн юм. Хэтти Макдэниел ”Салхинд туугдагсад” киноны дүрээрээ Шилдэг туслах дүрийн шагнал авсан билээ. Гэхдээ тэр шагналаа хүлээн авахдаа ч арьсны өнгөөр гадуурхагдсан. Жүжигчин бүсгүйг хамгийн арын суудалд бусад жүжигчдээс тусад нь суулгаж байв.
1961 он - Элизабет Тейлор хүнд өвчин, хэрүүл маргааны дараа
Алдарт жүжигчин Элизабет Тейлор "Баттерфилд 8" кинонд хамтран тоглосон жүжигчин Эбби Фишертэй нууц амрагийн харилцаатай болсон нь тэр үед маш том шуугиан тарьж байлаа. Фишер америкчуудын хайртай жүжигчин Дебби Рейнольдсын нөхөр байв. Гэхдээ шагнал гардуулах ёслолд ирсэн Тейлор уушгины хатгалгаа тусаад, бараг ярьж чадахгүй байсан тул олон хүн түүнийг өрөвдөн уучилжээ.
1964 он - Сидни Пуатье Шилдэг жүжигчин болсон анхны хар арьст жүжигчин
"Оскар" шагналыг хар арьстнуудад өгөх тун дургүй байлаа. 1964 онд Lilies of the Field киноны гол дүрийг бүтээсэн Сидни Пуатье Шилдэг эрэгтэй жүжигчин болсон анхны хар арьст жүжигчин болсон юм. Ёслол дээр тэр маш урт удаан зам туулсны дүнд энд ирлээ гэж хэлсэн. Түүнээс хойш 38 жилийн дараа Дензел Вашингтон Шилдэг эрэгтэй жүжигчин болж байлаа.
1969 он - Барбра Стрейзанд, Кэтрин Хепберн хоёр нэг төрөлд шагнал авсан
Ёслолын хөтлөгч Ингрид Бергман Шилдэг эмэгтэй жүжигчний нэртэй дугтуйг нээгээд хоёр хүний нэр байхад нь ихэд гайхаж, балмагдсан гэдэг. Азаар Хепберн ёслолд ирээгүй тул тайзан дээр Стрейзанд ганцаараа гарч иржээ.
1973 он - Марлон Брандо Оскараас татгалзав
Энэ жил “Загалмайлсан эцэг” киногоор Марлон Брандо Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авах боллоо. Гэвч тайзан дээр түүний оронд нутгийн уугуул иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэгч, жүжигчин бүсгүй Сачин Литтлфизер гарч ирж, олныг гайхууллаа. Түүний хэлсэн үг бүр гайхалтай байв. Сачин “Марлон Оскарын шагналыг авахгүй гэдгээ дамжууллаа. Шалтгаан нь кино урлаг Америкийн индиануудад ялгавартай ханддаг” гэж хэлсэн юм.
1974 он – Нүцгэн зурагчин тайзан дээр гарч ирэв
Хөтлөгч Дэвид Нивен шагналтнуудын нэрийг зарлах гэж байсан тэр агшинд тайзан дээр ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч, гэрэл зурагчин Роберт Опель шалдан гарч иржээ. Опель хүмүүс нүцгэн байхаасаа ичих ёсгүй гэж зарлаж байв.
1992 он - Жек Пэланс тайзан дээр суниав
Жек Пэланс эрэгтэй туслах жүжигчний "Оскар" аваад найруулагч нар ахмад жүжигчдийг кинонд урихгүй байна гэж шүүмжилсэн. Хөгшчүүл юу ч хийж чадна гэдгийг харуулахын тулд тэр тайзан дээр суниаж эхэлсэн байна. Пэланс тэр үед 73 настай байлаа.
1993 он - Сьюзан Сарандон, Тим Роббинс, Ричард Гир нарыг ёслолоос бүх насаар нь хасав
Сьюзан Сарандон, Тим Роббинс, Ричард Гир нар тайзан дээр гарснаа ашиглан, улстөрийн сэдэвтэй үг хэлсэн юм. Эхний хоёр “этгээд” ДОХ өвчтэй Гаитийн иргэдийг эмчлэх талаар ярьсан бол Гир Хятадын Түвдэд хийж байгаа түрэмгийллийг шүүмжилсэн. Энэ гурван жүжигчнийг бүх насаар нь Оскарын ёслолд оролцохыг хоригложээ. Гэвч 1996 онд Сарандон Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авахад энэ хоригийг хүчингүй болгосон байна.
1999 он - Роберто Бениньи тайзанд гарах гэж сандал дээгүүр давсан
Софи Лорен тайзан дээрээс Роберто Бениньиг Шилдэг найруулагч болсныг зарлахад тэрээр сандал дээр гаран, гараа өргөн баярлаж байв. Дараа нь бусад хүмүүсийн сууж байсан сандал дээгүүр алхан тайзанд гарчээ.
2000 он - Анжелина Жоли төрсөн ахаа үнссэн
Оскарын ёслол дээр Жоли төрсөн ахтайгаа хамт ирсэн юм. Шилдэг туслах жүжигчний шагнал авсан тэрээр ахдаа хайртай гэж ярин, уруул дээр нь хайрт хосууд мэт үнсэж, олныг алмайруулсан.
2002 он - Холли Берри Шилдэг жүжигчин болсон анхны хар арьст эмэгтэй
Холли Берри Monster's Ball киногоор Шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн. Холли нулимс асгаруулан, энэ шагналаа өнгөт арьст бүх эмэгтэй жүжигчдэд зориулж байна гэж хэлж байв.
2003 он - Эдриан Броуди, Холли Берри хоёр үнсэлцэв
“Төгөлдөр хуурч” киногоор Шилдэг жүжигчин болсон Эдриан Броуди сэтгэлээ барьж дийлэлгүй, шагнал гардуулсан Холли Берриг үнссэн юм.
2009 гон - Хит Лежерт нэхэн олгов
Жүжигчин Хит Лежер 2008 онд 28 настайдаа нас барсан. 11 сарын дараа түүнд Шилдэг эрэгтэй туслах жүжигчний шагналыг нэхэн олгосон байна. Шагналыг гэрийнхэн нь хүлээн авсан юм.
2010 он – Эмэгтэй найруулагч анх удаа шилдгээр тодров
Кэтрин Бигелоу бол Шилдэг найруулагч болсон анхны эмэгтэй. Түүний найруулсан The Hurt Locker кино Жеймс Камероны Аватарыг даван гарсан билээ.
2011 он - Энн Хэтэуэй, Жеймс Франко хоёрын бүтэлгүйтэл
Залуучуудыг татахын тулд зохин байгуулагчид хөтлөгчөөр Энн Хэтэуэй, Жеймс Франко хоёрыг сонгосон юм. Гэвч тэнэг хөгжмийн үзүүлбэр, утгагүй алиа хошин яриа, эмэгтэй болон хувцасласан нь тэр жилийн ёслолыг гутаасан билээ.
2013 он - Женнифер Лоуренс шатан дээр уналаа
Шилдэг эмэгтэй жүжигчний шагналаа авахаар яарсан Женнифер Лоуренс урт даашинзны хормойндоо орооцолдон, шатан дээр унасан.
2014 он – Дэлхийн хамгийн алдартай селфи
Оскарын ёслолын үеэр Мерил Стрип, Женнифер Лоуренс, Брэд Питт, Анжелина Жоли, Брэдли Купер нарын авахуулсан өөрөг зураг хамгийн олон хүн үзсэн селфи болсон билээ.
2016 он - Леонардо ДиКаприогийн анхны "Оскар"
Леонардо ДиКаприог Оскар авна гэж маш олон жил хүлээсэн. Зургаан удаа нэр дэвшиж, тухай бүр хасагдаж байсан тэрээр The Revenant киногоор анхны Оскараа авахад танхим тэр чигээрээ босон, алга ташиж байв.
2017 он – Ялагчийг буруу зарлав
Жүжигчин Фэй Данауэй Шилдэг киноны ялагчийг зарлахдаа андууран, "Ла-Ла Ленд" гэж хэлсэн юм. Тэр Шилдэг эмэгтэй жүжигчний нэртэй дугтуйг нээсэн байлаа. Баярласан уран бүтээлчид тайзан дээр гарсан хойно Moonlight кино түрүүлснийг тайлбарлаж, алдааг залруулсан юм.
2020 он – Анх удаа Азийн кино түрүүллээ
Өмнөд Солонгосын “Шимэгч” кино шилдэг киногоор шалгарахад Ерөнхийлөгч Трамп уурласан ч танхимд алга ташилт нижигнэж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Монголчууд Оскарын хаана нь байнаа?