Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Дром мужийн Тэн л’Эрмитаж хотод ард иргэдтэй мэндчилэх үеэр нэгэн эрэгтэй түүнийг алгаджээ.
Хэрэг явдлын дүрс бичлэгээс үзвэл Макрон лицей сургуулийн гадаа түүнийг мэндчилэхээр хүлээж байсан хүмүүс рүү дөхөж очиход, нэгэн эр түүний гарыг барьж, нүүр рүү нь алгадав. Үүний дараа хамгаалалтынхан оролцож, хэргийн эзний гарыг мушгин, Ерөнхийлөгчийг хамгаалсан байна. Ногоон хувцастай залуу энэ үйлдлийг хийж байхдаа “Макрон-измын үеийг төгсгөхийг” уриалж, 10-18-р зуунд Францыг захирч байсан Капетиан удмын хаадын үед дэлгэрсэн “Montjoie! Saint-Denis!" уухай хашхирсан байна.
Елисейн ордон болсон хэргийн талаар Макроныг алгадаагүй, зөвхөн оролдлого хийсэн гэж тайлбар өгсөн байна. Хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан 28 настай хэргийн эзэн болон түүнтэй хамт явж байсан залууг саатуулжээ.
Францын улстөрчид энэхүү хэргийг буруутгаж, төрийн тэргүүний бие махбодод халдахыг байж боломгүй хэрэг гэж нэрлэв. Макронтой эв санааны нэгдлээ Францын Ерөнхий сайд Жан Кастекс, “Үндэсний нэгдэл” намын тэргүүн Марин Ле Пен нар илэрхийлжээ.
Францын тэргүүн Эммануэль Макрон хэрэг явдлыг дөвийлгөхгүй байхыг уриалж, ард түмэнтэйгээ хийх уулзалтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Макрон “Тэр хүнтэй хамт зогсож байсан хүмүүстэй үргэлжлүүлэн мэндчилж, хамт гэрэл зураг татуулсан. Би үргэлжлүүлсээр байх болно. Намайг юу ч зогсоохгүй” гээд Франц улсад үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх, олон ургалч үзэл оршиж байгаа ба Францын ард түмэн бүгд найрамдах улсын үнэт зүйлсийг дээдэлдэг гэж мэдэгджээ.
Францын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг 1983 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын алба / GSPR / хангадаг байна. Мэдээлэл ёсоор, Эммануэль Макроныг 77 хамгаалагчид хамгаалдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Франц дэлхийд ямар ч ач холбогдолгүй болсон. Еффелийн цамхаг нь зэвэрч хэн ч тэрнийг нь очиж үзэхээ больсон. Яг дэлхийн улс орнууд монголын коммунистуудаас залхаад ирэхээ байсантай адил.