Кубанычбек Исабеков: "Centerra Gold Inc" компани Киргизийг олон жил шулсан

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Төв Азийн Киргиз улсад алтны Кумтор ордыг тойрсон маргаан үргэлжилсээр байна. Киргизийн Засгийн газраас тус уурхайг байгаль орчин бохирдуулсан үндэслэлээр улсын мэдэлд авсан бол Канадын хөрөнгө оруулагч нар олон улсын шүүхэд хандаад байгаа.

Киргизийн парламентын дэд дарга асан Кубанычбек Исабеков VB.KG сайтад ярилцлага өгөхдөө Канадын хөрөнгө оруулагч нар хэрхэн Кумтор ордыг дангаар ашиглан, Киргиз улсыг шулан мөлжсөн талаар дэлгэрэнгүй ярьжээ.

Исабеков энэ талаар маш олон баримт цуглуулж, “Кумторын алтны мафи” гэсэн ном бичсэн хүн.

Кубанычбек Исабеков “Кумтор бол Канадын хөрөнгө оруулагчдын маш том залилан. Үүнд Киргизийн төрийн албаны түшмэлүүд ч оролцсон. Centerra Gold компани Монголд хоёр, Невадад нэг орд газар худалдаж авсан. Энэ ордуудын нөөц нийлээд ч Кумтороос зургаа дахин бага. Тэгвэл яагаад бид Кумторын эзэмшлийн 67 хувиа 30 хувь болгон буулгав? Энэ бол эхний залилан. Хоёр дахь нь Монголтой холбоотой. Монголын Бороо орд газраас Канадын компани 42 тонн алт олборлосон. Тэгвэл хувьцаа эзэмшигчийн хувиар манай улс ч үүнээс хөрөнгө авах ёстой байсан. Английн усан онгоц Мексикийн эрэг орчим осолд орж, нефть асгаад хэдэн тэрбум ам.доллар төлж байсан. Тэгвэл Centerra Gold Inc компани экологийн маш их хохирол учруулаад Киргизэд маш бага төлбөр төлсөн. Олон нийтийн шаардлагаар хэдэн жилийн дараа тэр шүү дээ. Энэ компанийн үйл ажиллагаанаас болоод олон хүн хүнд өвчин туссан. Киргизийн дарга нар тэднийг хэт давруулснаас Канадын компанийн төлөөлөгчдийг гадаад орны ерөнхийлөгч мэт л угтдаг байсан үе бий” хэмээн ярьжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top