Өмнөд Африкийн 36 настай эмэгтэйн биед коронавирус 32 удаа хувьсан өөрчлөгдсөн болох нь шинжилгээгээр тогтоогджээ. ДОХ-ын халдвартай эл бүсгүй КОВИД-19 халдвараар 216 өдөр шаналсан байна.
Шинжлэх ухааны medRxiv сайтад мэдээлснээр, вирусийг дархлааны хариу үйлдлээс хамгаалдаг уураг 13 удаа хувьсан өөрчлөгдсөн бол вирусний үйлдлийг өөрчилсөн 19 мутац илэрсэн байна. Ингэхдээ эмэгтэйд бий болсон мутацтай хувилбар бусдад дамжсан эсэх нь тодорхойгүй байна.
Хэрэв үүнтэй ижил тохиолдол олноор бүртгэгдвэл ДОХ-ын халдвар коронавирусний шинэ хувилбарыг төрүүлэх магадлал өндөр байна гэж Квазулу-Натал их сургуулийн ген судлаач Тулио де Оливера үзэж байна. Учир нь ийм өвчтөнүүд удаан хугацаанд КОВИД-19-өөр өвддөг байна. Ингэснээр тэд дархлааны хурц хомстолд ордог гэж Барселоны их сургуулийн халдвар өвчин судлаач Хуан Амбросини тайлбарлажээ.
Энэхүү нээлт нь КОВИД-19 өвчнийг хянахад чухал гэнэ. Учир нь ийм төрлийн өвчтөнүүд удаан хугацаанд халдвар тээгч болж, коронавирусний хувьсан өөрчлөгдөх эх үүсвэр нь болдог байна.
Хэдийгээр бүсгүй хөнгөн хэлбэрээр өвчилсөн ч эдгэрэлт нь маш удаан буюу онош тавьснаас хойш 216 хоногийн дараа шинжилгээ нь сөрөг гарчээ. Тэрбээр ДОХ-ын халдвартай хүний дархлаа КОВИД-19-д хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг судалгаанд оролцсоны ачаар эрдэмтэд түүний тохиолдлыг судалсан байна. Судалгаанд оролцсон 300 хүнээс дөрвөн нь коронавирусний халдварыг сараас илүү хугацаанд тээснийг тогтоожээ.
Амбросини профессорын хэлснээр, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэсэн хүмүүс коронавирусний халдвараар удаан хугацаанд өвчилдөг байна. Тухайлбал, бөөр шилжүүлэн суулгасан хүн КОВИД-19-өөр бүтэн жил орчим өвчилсөн тохиолдол бүртгэгджээ.
Энэхүү судалгаа ДОХ-ын халдвартай 20.6 сая хүнтэй Африк тивийн хувьд онцгой ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна. 2020 оны байдлаар, дэлхий дахинд нийт 37.65 сая хүн ДОХ-ын халдвараар шаналж байна.
Сэтгэгдэл ( 1 )
туршилтыг бол хүнлэг бус хийдэг юм байна. Гэхдээ туршилтанд орсон Мөнгийг нь өгдөг л байх даа