ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар болон вакцинжуулалтын явцын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Өнөөдрөөс /2021.06.14/ жирэмсэн эмэгтэйчүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулж эхэлжээ. Улсын хэмжээнд нийт 40 мянга гаруй жирэмсэн эмэгтэй байгаа аж. Мөн зарим эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ вакцинд хамруулъя гэсэн хүсэлт ирэх болжээ. Хэрвээ та хүсвэл 16-17 насны хүүхдээ Pfizer вакцинд хамруулах боломжтойг ЭМЯ-наас мэдээллээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийг мөн Pfizer вакцинаар вакцинжуулах юм. Одоогоор 12 жирэмсэн эмэгтэй ковидын улмаас хүндэрч, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Халдвар нэмэгдэж байгаа энэ үед иргэд та бүхэн гэртээ С витамин, халуун бууруулах эм байлгаж, бүлээн, шингэн зүйл идэж ууж байхыг ЭМЯ-наас зөвлөлөө. Ковидын халдвар нь толгой өвдөх, ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих зэргээр улирлын томуутай адилаар илэрч байгаа учир андуурч, тайвширч байгаад өвчнөө хүндрүүлэхээс сэргийлэхийг ЭМЯ-наас уриаллаа.
Мөн амьсгал давчдах, амны салст, хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх, амтлах, үнэрлэх чадвар алдагдах нь ковидын хүндрэлийн шинж тэмдэг гэдгийг хэллээ. Иргэд та бүхэн дархлаагаа дэмжиж, хүйтэн зүйл уулгүй халуун бүлээн хоол унд идэж уугаарай.
Сэтгэгдэл ( 0 )