ШУА-ийн Тэргүүлэгчид “Хүндэтгэлийн их чуулган”-ыг хойшлууллаа

2021 оны 06 сарын 14

ШУА-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2021.06.14/ боллоо. Тус хурлаар ШУА-ийн ээлжит  их чуулганы тов тогтоох, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медальд нэр дэвшсэн эрдэмтдийн асуудлыг хэлэлцлээ.

ШУА-иас Монгол улсад шинжлэх ухааны академи байгуулагдсны 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнгөрсөн 5-р сарын 16-нд /БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарч БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулсан байна/ “Хүндэтгэлийн их чуулган”-аа хуралдуулахаар төлөвлөж байсан ч “Ковид-19” цар тахалтай холбогдуулан хойшлогдоод байсан юм. Улмаар энэ сарын 24-нд Хүндэтгэлийн их чуулганаа хуралдуулах санал оруулсан боловч Тэргүүлэгчдийн хурлаас мөн л өнөөгийн цар тахлын байдлыг харгалзан хугацааг хойшлуулж 2021 оны гуравдугаар улиралд багтаан Хүндэтгэлийн их чуулганаа хуралдуулах шийдвэр гаргалаа.

ШУА байгуулагдсны 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнуулахаар харьяа хүрээлэнгүүдээс эрдэмтэн судлаачдынхаа нэрсийг дэвшүүлжээ.  Тус шагналд нэр дэвшигчдээс  энэ удаа  гадаадын нэг, дотоодын 4 эрдэмтний нэрийг  тэргүүлэгч гишүүд дэмжлээ.

Тодруулбал, академич Д.Баатар, сансрын нисгэгч, доктор  Ж.Гүррагчаа, ХХТХ-ийн захирал, доктор Л.Жаргалсайхан,  Археологийн хүрээлэнгийн салбарын  эрхлэгч, доктор Б.Цогтбаатар, ОХУ-ын Дубнайн цөмийн шинжилгээний институтын профессор И.В.Пузынин нарыг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж  ШУА байгуулагсдны 60 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top