АНУ-д коронавирусний халдварын анхны тохиолдлууд 2019 оны арванхоёрдугаар сард гарсныг өвчтөнүүдийн цусны шинжилгээ илтгэж байна гэж АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгүүдээс мэдээлжээ.
Судалгааны дүнгээс үзвэл SARS-CoV-2 халдвар тооцоолсноос ч өмнө дэлгэрсэн байх магадлалтай байна гэж тус агентлаг онцолжээ.
Эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн эрдэмтэд 2020 оны нэгдүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 18-ны хооронд АНУ-ын 50 мужийн оршин суугчдаас авсан 24 мянга гаруй цусны дээжийг шинжилсэн байна. Шинжилгээгээр 2020 оны нэгдүгээр сарын эхээр тодорхой тооны хүмүүст эсрэг биет үүссэн байсан байна. Гэтэл тухайн үед халдварын ганц ч тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байжээ.
Үүнээс гадна 2020 оны арванхоёрдугаар сард “Clinical Infectious Diseases” сэтгүүлд гарсан ижил төрлийн судалгаанаас үзвэл 2019 оны арванхоёрдугаар сард тус улсын иргэдээс авсан цусны сорьцыг шинжлэхэд Хятад улс шинэ төрлийн вирусний тухай зарлахаас ч өмнө зарим хүмүүс КОВИД-19 халдвар авсан байсныг илтгэж байна. Тухайн үед АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн судлаачид 2019 оны арванхоёрдугаар сарын 13-наас 2020 оны нэгдүгээр сарын 17-ны хооронд Америкийн Улаан загалмай нийгэмлэгээс есөн мужид цуглуулсан доноруудын цусны 7000 гаруй дээжийг шинжилсэн байна. Эдгээрээс 106 сорьцод коронавирусний эсрэг биет үүссэн байжээ. Бусад вирусний эсрэг биеттэй харьцуулан судлахад эдгээр сорьцод илэрсэн эсрэг биет зөвхөн SARS-CoV-2 хамаатай байжээ. Тиймээс коронавирус АНУ-ын нутаг дэвсгэрт 2019 оны арванхоёрдугаар сард байсан нь илт байна гэж эрдэмтэд онцолжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид КОВИД-19 тархалт Хятад улсад 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө эхэлсэн байж болзошгүй гэж мөн үзэж байгаа юм. Шинэ төрлийн халдварт өвчин дэлгэрсэн тухай албан ёсоор зарлахаас хоёр сарын өмнө буюу 2019 оны аравдугаар сард Хятадын төв хэсэгт КОВИД-19 халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй 90 өвчтөн эмнэлэгт эмчлүүлсэн байна. Хожим нь Хятадын эрх баригчид өвчтөнүүдийн 60 гаруй хувьд эсрэг биетийн шинжилгээ хийхэд халдварын ул мөр илрээгүй гэж мэдэгджээ. ДЭМБ-ын шинжээчид тэр үед эсрэг биетийн хэмжээ шинжилгээгээр илрэх боломжгүй хэмжээнд багассан байсан байх магадлалтай гэж үзэж байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны КОВИД-19-ийн шинжээчдийн комиссын тэргүүн Лян Ваньнянь Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө коронавирус дэлгэрснийг батлах хангалттай баримт байхгүй гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )