ТӨСӨВ: Тодотгол & Алдагдал

2021 оны 06 сарын 21

2020, 2021 оны төсөв дээр төлөвлөсөн хэмжээнээс багадаа долоон их наяд төгрөгийн  алдагдал гарч буйг эдийн засагч Н.Энхбаяр "Өглөөний сонин"-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Энэ бол дунджаар гурван жилийн төсвийн алдагдал хоёр жилд гарч байгаа үзүүлэлт гэдгийг тэрбээр тодотгож буй юм.

Тэгвэл  өнгөрсөн баасан гарагт Сангийн сайд Б.Жавхлангийн УИХ-ын даргад өргөн барьсан  "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн мэдээллээр 2020 оны төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөг байна.

Албаны мэдээлэлд дурдсанаар, улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагчийн 1,000 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3,336 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл уг төсөлд хамрагджээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 онд 10,444.2 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4,440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Төсвийн тогтворжуулалтын санд 66.2 тэрбум, Ирээдүйн өв санд 914.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үр нөлөөгөөр эдийн засаг 2020 оны эхний хагаст огцом суларсан хэдий ч ААН, иргэдийн орлогыг хамгаалах чиглэлд төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлсний улмаас сүүлийн хагас жилд идэвхжил сэргэж, жилийн дүнгээр эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5.3 хувиар агшсан байна. 

2020 онд эдийн засгийн идэвхжил сул байсан тул Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг дэмжиж, мөчлөг сөрсөн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нь ДНБ-ий агшилтыг хязгаарлахад чухал хувь нэмэр оруулсан байна. Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Номад” бондыг арилжаалж, "Мазаалай" болон "Чингис" бондын нийт 568.2 сая ам.доллар буюу 1,622.1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 онд 12.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 6.4 хувиар буурсан боловч гадаад худалдааны тэнцэл 2,282.4 сая ам.долларын ашигтай гарсан"  гэсэн байна.

Тодотгоход, энэ оны төсөв хагас жилийн гүйцэтгэлээр орлогын бүрдэлт 98 хувьтай байгаа. Гэхдээ ковидын эрсдэл өндөр байгаа нь асуудал дагуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ  “Төв банк түүхэндээ байгаагүй ихээхэн хэмжээний валютын нөөцтэй болсон, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан, валютын ханш 10 сарын туршид тогтвортой байгаа зэрэг сайн үзүүлэлт байна. Мөн төсвийн орлого таван сарын байдлаар 98 хувьтай гарсан нь чамлахаар тоо биш. Гэхдээ гол түүхий эдийн үнэ ханш дээр асуудал бий, санаж бодсоноор болж өгөхгүй байгаа зүйл ч бас байна, удахгүй хэвийн байдалд орно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа” гэж буй юм.

Төсвийн тодотголын талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа  "Төсвийн тодотголыг ямар тохиолдолд хийх ёстой вэ гэдгийг хуульд дөрвөн зүйл заалтаар тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр хуулийн зохицуулалтаараа л явна гэсэн үг. Одоогийн байдлаар гүйцэтгэлийг авч үзэхэд, орлого, зарлага аль аль талдаа огцом цөмрөлт гараагүй байгаа. Гэхдээ сүүлийн хагас жилд  орлого талдаа, зардал талдаа ямар байх  вэ. Ер нь эдийн засгийн төлөв ямар байхаар байна вэ гэдгээ тооцож, харсны үндсэн дээр тодорхой шийдэл гарах байх. Хуулиараа л зохицуулагдаад явна даа."  гэсэн юм.

Мөн тэрбээр төсвийн алдагдлын талаар "Ковидоос шалтгаалсан онцгой нөхцөл байдал үргэлжилсэн хэвээрээ байгаа учраас ард иргэдийнхээ амьдрал, өрхийн орлогыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжихэд тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Дэлхийн бусад улс орнууд ч ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Тийм учраас, төсөвт тодорхой дарамт үүснэ гэсэн үг. Улс орнууд үүнийг яаж нөхөж байгаа вэ гэхээр төсвийн тодорхой дэмжлэгүүдийг олон улсын байгууллагуудаас авч байгаа. Манай улс энэ зарчмаар явж байна. Онцгой нөхцөл байдалд хэрэгжиж буй учраас энэ нь байж болох л арга хэмжээ гэж үзэж байгаа. Зарим эдийн засагчид сүүлийн хэдэн жил төсөв байнга алдагдалтай баталлаа гэж ярьж байна. Гэхдээ төсвийг батлахыг нь ярьдаг хэрнээ гүйцэтгэл талыг нь ярьдаггүй. Төсвийн гүйцэтгэлүүдийг харахад  эцсийн үр дүн нь гарч байгаа. 2018 онд манай төсөв ашигтай гарсан. 2019 онд гүйцэтгэлээрээ  төсөвлөсөн алдагдлаа хамаагүй бууруулж гаргасан. 2020 онд бол ковидын нөхцөл байдалтай байсан учраас алдагдалтай гарсан. Зарим улстөрчид, эдийн засагчид төсөвлөсөн талаас нь илүү яриад байдаг. Гүйцэтгэл тал дээр ямар үр дүн гарсан юм бэ гэдгийг давхар ярих нь зүйтэй байх" гэсэн юм.

Эдийн засагч Н.Энхбаярын хэлснээс эшлэхэд, "Манай улсад төсвийн алдагдлыг нөхөх дотоод эх үүсвэр байхгүй, гадаадын зээл тусламжаар нөхдөг. Энэ нь гадаад өр үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 1.7 тэрбум ам.доллароор Монгол Улсын гадаад өр нэмэгдсэн"  гэсэн байна. Эдийн засагчдын зүгээс нийтлэг өгч буй зөвлөмжийг харахад, цагаа олсон тодотголоор төсвийн алдагдлыг бууруулна гэж буй юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top