Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

УИХ-ын чуулганаар  2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийн талаарх танилцуулгадаа, “Ковид-19” цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаагаас шалтгаалан иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн, мөн 2021 оны төсөв батлахад төсөөлж байсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл өөрчлөгдөж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхойлсон төсвийн зарим тусгай шаардлагыг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийн тодотголын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэж байлаа. Мөн энэ оны эхний таван сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөгөөний гүйцэтгэл 97.2 хувьтай байна. Тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн төсвийн нийт зарлага 6.1 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 866.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.1 хувьд хүрсэн байна. Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор 2021 онд 3.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 7.1 хувьтай тэнцэх санхүүжилт төсвөөс зарцуулаад байна. Зэсийн үнэ 2021 оны төсөв батлагдах үеийн төсөөллөөс нэмэгдэж байгаа бөгөөд зэсийн үнийн өсөлтөөр төсвийн орлого 572 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа боловч дийлэнх нь Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд төвлөрч, улсын төсөвт 242.0 тэрбум төгрөгийн орлого хуваарилагдах тооцоололтой байгааг танилцуулгадаа дурдсан. 

Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хэрэгжүүлэх ажлыг төсвөөс санхүүжүүлэх, цар тахлын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын албан хаагчдад урамшуулал олгох, иргэдэд коронавирус цар тахлын талаарх мэдлэг, мэдээлэл олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон зарим төрлийн халамжийн хэмжээг он дуустал үргэлжлүүлэн олгоход шаардагдах нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх болон төрийн байгууллагуудыг төсөв хэмнэх горимд ажиллах, зайлшгүй хэрэгцээ шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах замаар урсгал болон хөрөнгийн зардлыг хэмнэх зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан 2021 оны төсвийн тодотголын төслийг Улсын Их Хурлын бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Төсвийн байнгын хороо хэлэлцээд төсөлд тусгагдсан орлого, зарлагын дүнг өөрчлөх санал гаргаагүй, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллага, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс тусгайлсан зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй байгаа нь Улсын Их Хурал төслийг дэмжин батлах шаардлагатайг илэрхийлж болохоор байна гэдгийг Х.Булгантуяа гишүүн танилцуулгадаа онцлов. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Г.Амартүвшин нараас гаргасан улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний дүнд өөрчлөлт оруулахгүйгээр, нэр, байршлыг өөрчлөхтэй холбоотой зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тодруулбал, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад туссан “Бохир усны шугамын засварын шинэчлэл, коллектортой холбох гэсэн төсөл, арга хэмжээг  “9 дүгээр” гэж, “Мэс заслын дурангийн сет тоног төхөөрөмж   гэсэн төсөл, арга хэмжээг “Амгалан” амаржих газар гэж, “Авто зам засвар гэсэн төсөл, арга хэмжээг “Жаргалант-Галтын авто зам засвар /Хөвсгөл, Жаргалант, Галт сум/” гэж, “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 120 ор гэсэн төсөл, арга хэмжээг “67 дугаар” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top