Ромын Пап БНАСАУ-д айлчлах уу?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

БНСУ-ын тагнуулын албаны дарга Пак Чи Вон Ромын Пап Фрэнсисыг БНАСАУ-д айлчлуулахаар ажиллаж байна гэж Католикийн мэдээллийн Fides агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн онцолсноор, Пак Чи Вон үүнтэй холбогдуулан Ромын Папын хувийн нарийн бичгийн дарга асан, БНСУ дахь Ватиканы элч  Алфред Ксереб болон Солонгосын Католик хамба лам нарын бага хурлын дарга, Куанжү хотын хамба лам Ким Хи Жонтой холбоо барьж, энэ талаар ярилцсан гэж өөрөө мэдээлсэн байна.

Пак Чи Вон нь өмнө Мукпу хотоос сонгогдсон Үндэсний парламентын гишүүн байсан бөгөөд Fides агентлагийн үзэж буйгаар, 2000 оны зургаадугаар сард болсон хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад том үүрэг гүйцэтгэж байжээ. Тухайн үед тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүний нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бөгөөд Ким Дэ Жүн, БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн уулзалтын бэлтгэл ажлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

2018 оны аравдугаар сарын эхээр БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны төлөөлөгч БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ватиканд хийсэн айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Ромын Папыг Пёньянд айлчлахыг урьсан аман урилгыг дамжуулна гэж мэдээлж байв. Мөн оны аравдугаар сарын 18-нд болсон Мүн Жэ Ин, Ромын Пап нарын уулзалтын дараа Гэгээн ширээт улсын Төрийн нарийн бичгийн дарга Петро Паролин Ромын Пап Фрэнсис БНАСАУ-д айлчлахад бэлэн буйг нотолсон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top