Б.ЭНХБОЛД: Мэргэжлийн байгууллагууд маркетинггүй учраас ажил нь цаасан дээр үлдэж, архивт тоосонд дарагддаг

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Төрийн байгууллагын маркетингийн талаар нийгмийн ажилтан, Азийн соёл судлаач Б.Энхболдтой ярилцлаа. Тэрбээр сүүлийн жилд төрийн байгууллагын маркетингийн чиглэлээр судалгаа хийжээ.


-Бизнесийн болон төрийн байгууллагын маркетингийн хоорондын ялгаа, ижил төстэй тал юу вэ?

-Би маркетингийн чиглэлээр их сургууль төгсөөгүй. Гэхдээ төрийн байгууллагад, тэр дундаа гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн салбарт сүүлийн хэдэн жил ажиллаж, судалгаа хийлээ. Дэлхийн томоохон компани, брэндүүдийн амжилттай яваагийн гол шалтгаан нь маркетинг. Маркетинг сайн байснаар борлуулалт нэмэгдэнэ. Борлуулалт сайн байснаар байгууллага өргөжин тэлж хөгжинө. Төрийн байгууллагын хувьд ч үүнтэй ижил.

-Өнөөдөр “Хамгийн муу үйлчилгээ төрийн албанд бий, төр сайн менежмент хийхгүй байна” гэж нийгмийн олонх үздэг. Төрийн үйлчилгээг сайжруулах замаар ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд маркетингийн шинжлэх ухаан нөлөөлж чадах уу?

-Мэдээж тийм. Хувийн салбарт амжилттай хэрэгжүүлж байгаа арга туршлагыг төрийн үйлчилгээнд авч хэрэгжүүлэх санааг 1969 онд АНУ-ын Нортвэстэрн их сургуулийн эрдэмтэн, профессор Филип Котлер анх гаргасан. Тэрбээр “Маркетингийн шинжлэх ухааны ололт, амжилтыг төрийн байгууллагууд ашигласнаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг амжилттай хэрэгжүүлж чадах ач холбогдолтой” хэмээн тодорхойлсон. Түүний “Төрийн байгууллагын маркетинг” хэмээх ном АНУ-ын эрх баригчдын шийдвэр гаргалтад нөлөөлж, төрийн салбарт шинэ уур амьсгал нэвтрүүлсэн гэж судлаачид үздэг.

-Тэгэхээр таныхаар төрийн албанд маркетингийн менежер гэсэн албан тушаал хэрэгтэй байх нь ээ?

-Манай төрийн албаныхан идэвхжүүлэлтийн судалгаа хийх, түүн дээр түшиглэсэн төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр дутагдалтай ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь төрийн албаныхан өөр өөрийн салбарын үйлчилгээг иргэдэд хүргэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнээс эхтэй салбар, салбарын хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг. Иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, ил тод, тэгш шударга хүргэхийн тулд зайлшгүй маркетингийн ололт, амжилт, туршлагыг авч хэрэглэх зорилтууд тулгарч байна. Аливаа төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд учирч болох саадыг маркетингийн арга хэрэгсэл, ололт амжилтуудыг тохиромжтой байдлаар чадварлаг ашиглах нь нэн чухал. Сайн маркетинг хийж байж төрийн үйлчилгээ иргэдэд шуурхай хүрнэ. Харин үүнийг улс төртэй холбож болохгүй. Энэ бол өөр асуудал. Улс төр болон төрийн байгууллага хоёрыг тусад нь салгаж ойлгох хэрэгтэй.

-Маркетингийг төрийн байгууллагад нэвтрүүлж чадсан бусад улс орнуудын сайн жишээнээс иш татан мэдээлж болох уу.

-Орчин үед маркетингийн үр нөлөө, үйл ажиллагааны хүрээ нь нэг улсаас олон улсын түвшинд өргөжин тэлж хөгжиж байна. Маркетингийн чиглэлийн мэргэжлийн эрэлт  ихсэж  энэ  чиглэлээр  мэргэжилтэн  бэлтгэдэг   олон   сургууль   бий болжээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын төрийн байгууллагын маркетинг нэлээд хөгжсөн. Жишээ нь АНУ-ын Тэнгисийн цэргийн сурталчилгаа америк залуусыг байлдан дагуулсаар ирсэн. Тус байгууллагын чадварлаг маркетеруудын тусламжтайгаар Тэнгисийн цэргийн нэр хүнд дэлхийд үнэлэгдэж байна.

-Таны харж байгаагаар Монголын төрийн байгууллагын аль салбарт сурталчилгаа зайлшгүй шаардлагатай вэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд иргэдийн дунд нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг чухал байгууллага. Тэр дундаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-аас гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг болон залуусын хөгжил рүү чиглэсэн нөлөөллийн аян, хөтөлбөр зохион байгуулдаг. Төрөөс гарч байгаа дээрх бүтээгдэхүүнийг ард иргэдэд хүргэж байгаа худалдагч нь төрийн алба хаагчид. Гэвч төрийн албанд зар сурталчилгааны чиглэлээр мэргэшсэн алба хаагчгүйн улмаас тэдний үйлчилгээ иргэдэд тэгш хүртээмжтэй хүрч чадахгүй байна. Өнөөдөр 100 залууг зогсоогоод “Чамд хэн хөгжил, итгэл өгч байна вэ?” гэж асуувал дийлэнх нь “Инфлюенсер буюу сошиалын олны танилууд” гэж хариулна. Харин “ГБХЗХГ-аас гаргадаг аян, хөтөлбөрүүдээс маш сайн мэдлэг мэдээлэл авдаг” гэж хэлэх хүн олдохгүй болов уу. ГБХЗХГ нь залуучуудын хөгжил рүү чиглэсэн төсөл хөтөлбөр санаачилж зохион байгуулдаг боловч энэ нь зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаа нь харамсалтай.

-Таны бодлоор инфлюенсер гэгдэх хүмүүс юугаараа давуу болоод иргэдийг илүү татаад байна вэ?

-Жишээ нь бүжигчин Төөгөө, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, Комедиан Б.Идэр-Од мэтийн залуус хэнээс ч илүү нийгэмд нөлөөлж чаддаг. Тэд “Хэн намайг сонсох уу, хэн миний ярьж байгааг хүлээж аваад бодитоор хэрэгжүүлэх вэ” гэдгийг сайн мэддэг. Яг үнэндээ тэдгээр залуус төрийн ажил хийж үзээгүй бөгөөд хувийн амбицаараа цахим орчинд дэмжлэг авчихсан юм. Тэд ганц лайв хийгээд л олон мянган залуусыг уриалан дуудаж чаддаг. Гэтэл мэргэжлийн байгууллагууд маркетинггүй учраас хийсэн ажил нь цаасан дээр үлдэж, архивт тоосонд дарагдаад хэвтэж байна. Тэгэхээр 21 аймагт салбартай, дүүрэг бүрд хэлтэстэй олон зуун ажилтантай эл байгууллагын хэрэг Монголд байна уу? Ямар ч ашиг байхгүй. Төсвийн мөнгө хоосон урсаж байдаг. Тийм учраас төрийн албанд маркетингийн бүтэц шаардлагатай гэж хэлэх гэсэн юм. Агентлагт алба, хэлтэс байдаггүй юм гэхэд нийтэд нь мэргэжлийн ганц маркетер зөвлөдөг байх хэрэгтэй. Тэгвэл байдал арай л өөр болно. Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ иргэн бүрд тэгш хүрч, тэр хэрээрээ иргэдийн төрдөө итгэх итгэл үнэмшил ч нэмэгдэнэ.

-Төрийн байгууллагаас зохион байгуулдаг аян, хөтөлбөрүүд иргэдэд хүрэх нь бага санагддаг. Мэдээж цагдаагийн “Яараад яах вэ дээ” аяныг эс тооцвол шүү дээ.

-Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан “Яараад яах вэ дээ” аян 2019 оны шилдгээр тодорсон. Харин хоёрт нь Ч.Ганжавхлангийн санаачилсан “Ид шидийн орон” төсөл тодорсон. Тэр залуугийн хувийн амбици, иргэдийг уриалан дуудаж буй чадварууд нь үнэхээр сайн. Тиймдээ ч АНУ-аас сар бүр хандив авч байна. Дээр нь саяхан зохион байгуулсан “Хүн бай” аян нь нийгмийг яаж байлдан дагуулсныг бид харлаа. Харин “Яараад яахав дээ” аянд цагдаагийн байгууллага зөвхөн мэдээлэл өгч оролцсон юм. Үүнд төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны компани, хамтлаг дуучдын оролцоо өндөр байсан. Миний ярьж байгаа зүйлийн гол санаа бол төрийн байгууллагууд бие даасан маркетингийн бүтэцтэй болох юм.

-Төрийн байгууллага бүр өөрийн үйл ажиллагаа сурталчлах цахим хуудастай, бас олон нийттэй харилцах албатай.

-Байгууллагын олон нийттэй харилцах хэлтэс маркетинг хийдэггүй л байхгүй юу. Тэр хэлтэст өмнө нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан сэтгүүлч хүмүүс байдаг. Хэвлэл мэдээлэл, маркетинг хоёр бол тусдаа. Өнөөдөр Улсын хоёрдугаар эмнэлэг бөөрний эмчилгээгээрээ улсдаа тэргүүлдэг. Яагаад үүнийг таниулах чиглэлээр ажилладаг маркетингийн нэгж байгуулж болохгүй гэж. Адаглаад сошиал менежертэй болчих хэрэгтэй. Тэгээд “манай эмнэлэг ийм хагалгааг ингэж хийлээ, эмнэлгээс ийм үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамрагдаад авах боломжтой” гэх мэтээр мэдээллээ маркетингийн арга зүйтэй хослуулан олон нийтэд хүргэх хэрэгтэй юм.

-Орчин цагт аж ахуй нэгжүүд хэрэглэгчдийг татахын тулд маркетингийн зальтай, овжин аргыг их ашигладаг болсон. Хэрэв төрийн байгууллага маркетингийн албатай болбол дараа нь ёс зүйн асуудал яригдах байх.

-Монгол Улс ардчилал, ил тод хөгжлийг сонгоод өдгөө 30 жил өнгөрчээ. Нэгэнт бид энэ замыг сонгосон юм чинь бусад улс орнуудын жишгээр төрийн албыг либералчлах хэрэгтэй. Хамгийн гол нь хууль эрх зүйн хүрээнд ажиллах, орчинд нь тохируулан үр дүнг эргэж байнга тооцож байх хэрэгтэй. Маркетингийн менежерүүдийн дагаж мөрдөх ёс зүйг тодорхойлж, боломжит нөхцөлийг судалж гэмээнэ төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, шинэлэг байдлаар хүргэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: UNUUDUR.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyu(202.55.188.104) 2021 оны 08 сарын 03

Tiim shv chuhal asuudal\n

0  |  0
Зан(202.179.26.205) 2021 оны 08 сарын 03

Монголын төр хүнд өвчин тусч өвчин нь сүүлчийн шатандаа ороод үхлээ хүлээн хэвтэж байна.

1  |  0
Top