Алтаар орлуулшгүй АГААР

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 13

Дэлхийн уушги болсон Сибирийн өтгөн шигүү ой түймэрт өртөж дэлхий дахинд нөхөж баршгүй хохирол амсаж байна. Хүчилтөрөгч ялгаруулдаг шилмүүст ой, нарсан төгөл, цагаахан хус үнс болж, мянган мянган ан амьтан, жигүүртэн шувуу хуйхлагдан үхэж байгаа нь туйлын харамсалтай. Умард зүгээс Монголыг бүрхээд буй түймрийн утаа Хятадын Бээжинд хүрч хүн төрөлхтөний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаар хэмжээнд хүрчээ.

Москвагийн иргэдийн биеийн байдал муудаж эмнэлэгт хандагсдын тоо өдрөөс өдөрт эрс өсжээ. Энэ түймэр магадгүй ганцхан шүдэнзнээс ассан цог, ганцхан тамхины цучлаас үүссэн байж болох юм. Гэвч дэлхийн дулаарал ийм гамшигийг авчирчээ.

Хүн гэдэг хамаг нүглийн үүтгэл байдаг аж. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж эх дэлхий минь сүйдэж, ой мод шатаж, ургамал цэцэг үхэж, ан амьтан үрэгдэж, уул нурж, ус ширгэж байдаг. Энэлэн зовлонгоо даахгүй болсон эх дэлхий маань уйлан хайлж, аврал эрж буй хамгийн том харуусал бол Сибирийн ойн түймэр боллоо.

Хүн бид цэвэр агаараар нь амьсгалж, цэнгэг усаар нь ундаалж, тэнэгэр зоон дээр нь амьдарч, тэнүүн өгөөжийг нь хүртэж яваагийн хувьд ухамсар, ёс зүй, соёл, үйлдэл бүхнээ цэгнэж цэнхэрхэн дэлхийгээ цэцэг шиг үрсдээ бүрэн бүтэн үлдээх үүрэгтэй. Дэлхийн уушги болсон хүчилтөрөгч үйлдвэрлэгч мөнх ногоон ойгүй болчихвол бид агаарыг худалдан авч амьдрах уу, Ангараг гариг руу нүүх үү, ангаж бахардан унах уу, алт мөнгөөр яах уу. Алт мөнгө байгаад ч нэмэргүй шүү дээ.

Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд бид өнөөдрөөс эхэлж хөдлөхгүй бол оршин тогтнох дэлхийгүй, агааргүй болох нь байна шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top