Нөхөн сонгууль уу, нэхэн сонгууль уу

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 14

Ирэх аравдугаар сарын эхээр УИХ-ын 18 дугаар тойрог, Хэнтий аймагт болон  УИХ-ын 28 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт тус тус нөхөн сонгууль зохион байгуулах товтой байгаа. Одоогоор нөхөн сонгуульд горилогчид ил гарч ирээгүй ч битүүхэн бэлтгэл ажлаа өрнүүлж байгааг эх сурвалжууд хэллээ. Нөхөн сонгууль болох хоёр тойрогт намуудын төлөөллийг  нөхөн сонгох бус нэхэн сонгох төлөвтэй. Учир нь МАН, АН-аас эхлээд бусад жижиг намуудаас горилж байгаа өрсөлдөгчдийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон нөхөд дугаарлаж байгаа аж. Үүнд ялимгүй санал дутсан болон “бяр” нь хүрээгүй” шороотой бөхчүүд хүч үзэхээр нэгэнт зэхжээ. Монголчууд “Даагаа нэхнэ” ч гэж ярьдаг даа.

Тухайлбал, АН-аас 2020 оны сонгуульд унасан Ж.Оюунбаатар, Х.Пүрэвхатан болон улс төрийн карьертаа цэг хатгаад байгаа Б.Гарамгайбаатар нар горилж байгааг дуулгалаа. Харин 2020 онд Хэнтий аймагт өрсөлдөн, 18-хан хувийн санал буюу ердөө 6.495 хүний итгэл хүлээсэн Э.Бат-Үүл баатар бол өрсөлдөхгүй юм байна. Ичих ч биз. АН-ын горилогчдоос хамгийн өндөр санал авч унасан өрсөлдөгч нь Ж.Оюунбаатар бөгөөд тэрээр 34.32 хувийн санал буюу 12.255 иргэний итгэл хүлээсэн. Харин Х.Пүрэвхатан нь 28.23 хувийн санал буюу 10 мянга орчим хүний итгэл хүлээжээ.

Ингэхээр “их наадам”-д түрүүлж айрагдаагүй ч цээжинд уралдсан морьдоо шилж дараагийн наадамд сойдог жамтай. Их сонгууль, нөхөн сонгууль ч энэ зарчмаар явагдаад нэгэнт тогтсон зүйл болжээ. Ямар хамгийн сүүл мушгиж, “Баян ходоод” болсон Үүл баатраа илгээлтэй биш. Тус тойрогт 2020 оны сонгуулиар хамгийн бага саналыг ЗОН-аас нэр дэвшсэн А.Мөнзул 201 хүний санал авчээ. Горилж байгаа Б.Гарамгайбаатарын хувьд намаасаа ч ард түмнээс ч дэмжлэг авахгүй. Энэ бүгдээс харахад Хэнтий аймагт “даагаа нэхэх” сонгууль ширүүн өрсөлдөөнтэй болно.

Сонгуулийн түүхэнд хамгийн олон өрсөлдөгчтэй, ширүүн тулаан болдог тойрог бол УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинхайрхан дүүрэг. Өнгөрөгч сонгуулиар МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар ялалт байгуулж, “Та бидний эвсэл”-ээс өрсөлдсөн Э.Батшугар 28,1 хувийн санал буюу 22.991 сонгогчийн итгэлийг цуглуулж чадсан. Өөрөөр хэлбэл сонгуульд ялаагүй ч бусад өрсөлдөгчөөсөө хамгийн өндөр санал авчээ.

Тэгэхээр эрх баригч намаас Э.Батшугар өрсөлдөх нь тодорхой болов уу. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүний эцэг Н.Энхбаяр МАХН-ыг татан буулгаж, тусгай олон тохиролцооны дагуу МАН-д нэгдсэн. Энэ дагуу хүү Э.Батшугараа Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдүүлэх тохироо хийсэн гэдэг. Энэ бол захын асуудал. Нөгөө талаар Э.Батшугар ялагдсан нөхдөөс хамгийн өндөр санал авсан зэрэг нь түүнийг нөхөн сонгуульд өрсөлдөгчөөр тодруулж таарна. Гол өрсөлдөгчөөр тооцож байгаа АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд Г.Очирбат, О.Магнай, П.Цэцэгмаа нар өрсөлдсөн. Ингэхдээ Г.Очирбат 13 хувийн санал буюу 10701 хүний итгэл хүлээсэн нь хамгийн өндөр санал болж байна.

О.Магнайн хувьд 7324 сонгогчийн итгэл хүлээж, ердөө 8.9 хувийн санал авчээ. Тэгэхээр “даагаа нэхэх” зарчмаар бол Г.Очирбат өрсөлдөх магадлалтай. О.Магнай ч нөхөн сонгуулийн мандат авахаар зүтгэж байгаа гэх. Мөн нөгөө талаас хөрөнгө мөнгө, нэр сүрээр далайлган горилж байгаа нөхөр бол УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр. Сумочийн хувьд Сонгинохайрхан дүүргээс анхаарлаа огт холдуулаагүй гэхээр АН дотроо өрсөлдөөн их байгааг харуулна.

Ямартай ч Сонгуулийн тухай хуульд заасан дагуу “нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор  нийцүүлэн” зарласан. Мөн ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргасан зэргээр нөхөн сонгууль явуулах эрх зүйн орчин нэгэнт бүрджээ. Намууд ч хуулийн дагуу нэр дэвшигчээ албан ёсоор зарлана. Үүний зэрэгцээ нөхөн сонгуульд хүч үзэх хүмүүс ч өнөөдрөөс эхлэн албан ёсны бичиг баримтаа бүрдүүлэн өгч байгаагаа хэвлэл мэдээллээр зарлав. Тэгэхээр нөхөн нэртэй нэхэн сонгуульд хүч үзэх өрсөлдөгчдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдэх нь гарцаагүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top